ОХУ-ын цэргийн ерөнхий прокурорыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-29 17:07:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын урилгаар ажлын айлчлал хийж байгаа ОХУ-ын Цэргийн Ерөнхий прокурорын бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын удирдлагууд өчигдөр хүлээн авч уулзсан байна. 


Уулзалтад ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар, БХЯ-ны хуулийн зөвлөх, хурандаа Г.Энхболд, ЗХЖШ-ын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Н.Нямжаргал, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн Ерөнхий прокурор Петров Валерий Георгиевич, Дорнод цэргийн тойргийн прокурор, дэслэгч генерал Заряев Сергей Александрович болон албаны бусад хүмүүс оролцов.


ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, “Аль ч улсын Зэвсэгт хүчинд бие бүрэлдэхүүн хамгаас чухал. Та бүхний үйл ажиллагаа энэ чиглэлд асар их ач холбогдолтой. Манай улс 1993 онд Цэргийн прокурорын газраа татан буулгасан. Бид эргэн сэргээхийг хүсэж байгаа бөгөөд энэ талаар ОХУ-ын Цэргийн прокурорын Ерөнхий газартай үр дүнтэй харилцаа тогтоохыг хичээж байна. ОХУ-ын Цэргийн прокурорын Ерөнхий газар Зэвсэгт хүчнийхээ сахилга бат, дэг журмыг хариуцдаг гэдгийг бид сайн мэднэ. Мөн энэ хүрээнд та бүхэн манай улсын холбогдох байгууллагуудад сургалт явуулж байгаад талархаж байна. Цэргийнхнийг цэргийн прокурор л сайн ойлгоно” хэмээжээ.


ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн ерөнхий прокурор Петров Валерий Георгиевич, “Манай хоёр улсыг найрамдалт харилцаа холбож байдаг. Энэхүү найрамдал, нөхөрлөл нь Халх голын байлдаанд дайсныг ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Өчигдөр ОХУ-ын Элчин сайд Азизовтой ярилцахад Халх голын байлдааны тухай кино хийж байгаа тухай бидэнд мэдээлсэн бөгөөд мөнгө санхүүгийн хувьд бэрхшээлтэй байгаа гэж байна. Миний бие ивээн тэтгэгч хайх ажилд туслах бодолтой байна. Манай хоёр улсын түүхт хамтын ажиллагаа Дэлхийн хоёрдугаар дайны үед улам батажсан. Ялангуяа Монгол Улсын Зэвсэгт хүчин түрэмгийлэгчидтэй тэмцэхэд тусалж, найдвартай ар тал болж байсан. Монголчуудын хөрөнгөөр байгуулсан “Хувьсгалт Монгол” бригад Берлин хүрсэн. Монголоос нийлүүлж байсан арьс үс, ширэн бүтээгдэхүүн ихээхэн алдартай байлаа. ЗХУ-ын үед танайд манай олон мэргэжилтэн ажиллаж байсан. Сүүлийн үед хоёр орны харилцаа улам бүр хөгжиж байгаа бөгөөд боловсон хүчин бэлтгэх гээд бүхий л талаар туслахад бид бэлэн байна. Мөн өөрийн харьяаны сургуулиудад эрдмийн зэрэг, цол хамгаалуулах талаар ч дэмжиж болно” гэдгээ илэрхийлсэн юм. 


Уулзалтын дараа “Цэргийн албаны эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх, ажиллагааны онцлог, урьдчилан сэргийлэх ажил” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалтад БХЯ-ны хуулийн зөвлөх, хурандаа Г.Энхболд, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар туслах М.Чинбат, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн Ерөнхий прокурор Петров Валерий Георгиевич болон ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, ХХЕГ-ын холбогдох албан тушаалтан, хуулийн офицерууд оролцсон байна. Хоёр улсын Ерөнхий прокурорын газрын холбогдох албан тушаалтнууд “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, шийдвэрлэх байдал”, “Шүүхийн өмнөх шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь цэргийн прокурорын хяналт” сэдвээр хичээл заалаа. 

Холбоотой мэдээ