Ж.Байден Афганистанаас цэргүүдээ гаргах шийдвэрээ тууштай хамгаална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /BBC/. Сүүлийн долоо хоногуудад шинэ байрлалууд эзлэн авч, Афганистан цэргүүдийн зэвсгийг хурааж буй хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн нэлээд ахиц дэвшилд хүрсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистанаас цэргүүдээс гаргах шийдвэрээ тууштай хамгаалж байна.
“Афганистан дахь АНУ-ын цэргийн ажиллагаа 8 дугаар сарын 31-нд дуусна. Цэргүүд 2001 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагад буруутай “Аль-Каида” террорист бүлэглэлийг устгах, цаашид гарч болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоо хэдийнээ биелүүлсэн” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
"Афганистан дахь цэргийн ажиллагааг дууссан гэж үзэж болохгүй ч Афганистанд улс байгуулах нь бидний зорилго байгаагүй. Ирээдүйгээ тодорхойлох, улс орноо хэрхэн удирдахаа шийдэх эрх, үүрэг гагцхүү Афганистаны ард түмэнд бий” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын хүн амын дийлэнх нь Афганистанаас цэргүүдээ гаргахыг дэмжиж буйг сүүлд явуулсан олон нийтийн санал асуулга харуулжээ. Афганистанд үргэлжилсэн дайн нь түүхэндээ АНУ-ыг оролцуулсан хамгийн удаан үргэлжилсэн цэргийн мөргөлдөөн юм. Америкийн арми тэнд 20 орчим жил ажиллагаа явуулжээ.