Баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн хүний тоо таван хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-09 21:26:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Прокурорын байгууллагын энэ оны эхний хагас жилийн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлыг өмнөх оны мөн үетэй харьцуулсан дүн мэдээ гарчээ.


Өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ оны эхний хагас жилийн байдлаар прокуророос хяналт тавьсан хоригдлын тоо 7.2 хувиар, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан хүний тоо 4.5 хувиар, баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн хүний тоо 5 хувиар, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтны тоо 1 хувиар тус тус өссөн байна.




Харин зөрчлийн шийтгэл, албадлагын арга хэмжээ авагдсан хүний тоо 14.2 хувиар, хуулийн этгээдийн тоо 31.1 хувиар, албадан саатуулагдсан хүн 71 хувиар, цагдан хоригдсон этгээд 71.3 хувиар тус тус буурчээ.


Үүнээс торгох ял шийтгүүлсэн 5176 ялтан, 6 хуулийн этгээдийн 9,3 тэрбум төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажилласнаас, 3454 ялтан, 2 хуулийн этгээдийн 3,1 тэрбум төгрөгийн торгох ял бүрэн биелж, торгох ялыг солиулсан байна.


Зөрчлийн торгох шийтгэлээр шийтгүүлсэн 2005 хүн, хуулийн этгээдийн 5.6 тэрбум төгрөгийн торгох шийтгэлээс 1359 хүн, хуулийн этгээдийн 1.3 тэрбум төгрөгийн шийтгэл биелэгдсэн байна.




Прокурор энэ оны эхний хагас жилийн байдлаар хорих ял, цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхтэй 1830 удаа танилцаж, 209 шалгалт хийж, 453 зөрчил илрүүлсэн. Илэрсэн зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх чиглэлээр прокурорын шаардлага 45-ыг бичиж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан ба хуульд заасан үүргээ биелүүлээгүй 23 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцуулсан байна.

 

Холбоотой мэдээ