АНУ-ын ардчиллыг гадны төдийгүй дотоодын аюулаас хамгаалахыг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-07-14 11:39:15

ВАШИНГТОН. /RT/. Америкт өнөөдөр чөлөөт, шударга сонгуульд саналаа өгөх эрхэнд халдах кампанит ажил өрнөж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт мэдэгджээ.


"Бид сонгуулийн тогтолцоогоо бэхжүүлж, Путинтэй ярилцаж байсанчлан улс орны сонгуулийг хорлон сүйтгэх гадны төдийгүй дотоодын аюул заналтай тэмцэх ёстой" гэж Америкийн удирдагч мэдэгдсэн байна. Тэрбээр Пенсильвани муж улсын Филадельфи хот дахь Үндсэн хуулийн төвд АНУ-ын сонгуулийн эрхийг хамгаалах талаар үг хэлжээ. Байден үг хэлэх хотоороо Филадельфийг санамсаргүйгээр сонгоогүй байна. Чухам энэхүү хотод АНУ-ын Үндсэн хууль, Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурж байжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч үг хэлэх үеэрээ өмнөх төрийн тэргүүний талаар шууд дурдаагүй боловч Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон түүний дэмжигчдийг нэг бус удаа шүүмжилсэн байна. Трамп болон түүний дэмжигчид өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон сонгуулийг Ардчилсан намынхан луйвардсан гэж мэдэгдсэн билээ.


Байдены онцлон тэмдэглэснээр, өөр ямар ч сонгуулийг өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-д болсон шиг ийм нарийн шалгаж, ийм өндөр стандартаар явуулаагүй байна. “Америкт хэрэв нэр дэвшигч ялагдал хүлээвэл түүнийгээ хүлээн зөвшөөрч, Үндсэн хуулиа дагаж мөрддөг. Хэрэв ерөнхийлөгчийн суудалд суухыг хүсвэл ялагдлынхаа баримтыг хуурамч гэж нэрлээд байдаггүй, харин дахин нэрээ дэвшүүлдэг” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.


Тэрбээр мөн Америкийн сонгуулийн тогтолцооны тухай хуулийн зарим заалтыг шинэчлэх “For The People Act” ("Ард түмэнд зориулсан хууль") хэмээх хуулийн төслийг батлах нь чухал болохыг мэдэгджээ. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим энэ хуулийн төслийн хувилбарыг гуравдугаар сард баталсан боловч Бүгд найрамдах намын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас Сенатын танхимд санал хураалт явуулаагүй байна. “Бид "Ард түмэнд зориулсан хууль"-ийг батлах ёстой” гэж Байден уриалаад хэрэв Конгрессоос баталбал хуулийн төсөлд гарын үсэг зурна гэж амлав.


Холбоотой мэдээ