Японд дадлагажигчаар бүртгүүлэгчид дараалал ихтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛМонгол Улсын Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн Халамжийн яам хоорондын байгуулсан “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг"-ийн хүрээнд Япон Улсад дадлагажигч ажилтнаар ажиллах сонирхолтой иргэдийг Хөдөлмөрийн яамны харьяа Төрийн өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад Япон хэлний сургалтад хамруулах бүртгэлийн ажлыг орон даяар эхлүүллээ.
Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 18-39 насны тодорхой мэргэжлийн ур чадвартай иргэдийг энэ сарын 23-наас бүртгэж эхлээд байна.
Тус хэлтсийн мэргэжилтэн н.Гиймаа:-“Бүртгэл эхэлснээс хойшх сүүлийн өдрүүдэд бүртгүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж дараалал ихтэй байна. Бүртгүүлэгчдэд ямар нэгэн төлбөр хураамж байхгүй зөвхөн гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэх, их, дээд сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, Үйлдвэрлэлийн төв төгссөн диплом, гэрчилгээ эсхүл эрх бүхий мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгссөн мэргэжлийн үнэмлэхтэй ирэхэд болно. Манай хэлтсээс томилогдсон хөдөлмөрийн ажилтанд хандаж батлагдсан анкетын дагуу бүртгүүлэхэд л болно” гэв.
Б.Норовсамбуу