УИХ-ын хаврын чуулганы тоон үзүүлэлтүүд

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-07-19 13:58:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа УИХ-ын хаврын чуулган ажлын 83 өдөр чуулжээ (75 хоног хуралдах хуультай). Хаврын чуулганаар бие даасан 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай 8, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 3, УИХ-ын 52 тогтоол, нийт 163 хууль тогтоомж баталсан байна.


УИХ, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсны үндсэн дээр 27 жилийн дараа нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчилсэн байна. Энэ бол Үндсэн хуульд нутгийн удирдлагыг боловсронгуй болгох талаар оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улаанбаатар хотод бодит ажил болгон хэрэгжүүлэх, тулгараад байгаа түгжрэлээс эхлээд төвлөрлийг сааруулах хүртэлх бэрхшээлтэй олон асуудлыг шийдэх эрх зүйн томоохон шинэчлэл болсон гэж УИХ-ын дарга Г. Занданшатар хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ  онцолжээ. “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” (УИХ 1994 онд баталсан) хууль нь өнөөгийн нийслэл хотын эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагыг хангахгүй болсон нь энэ хуулийг шинэчлэн найруулах  (2021 он) суурь нь болжээ.


Хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, үндэсний онцлог, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын 1.1 сая ажиллагчид, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг парламент (2021 он) баталсан байх юм. Энэхүү хуулиар хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, цагаар ажиллах, гэрээсээ, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил, үүргээ гүйцэтгэх, туслах малчнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүдийг эрх зүйн зохицуулалттай болгожээ. Түүнчлэн ажил олгогч болон ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь эрх, хүлээх үүргийг  тэнцвэржүүлжээ. Хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг боловсронгуй болгосон аж. Цалин хөлсийг гүйцэтгэл, бүтээмж, ур чадвартай нь уялдуулах, нарийн мэргэжлээр дагалдангаар ажиллах, дагалдангаар суралцах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгаснаар үндэсний ажиллах хүчний өрсөлдөх чадвар, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд энэхүү хууль чухал ач холбогдолтой болсон гэж  хууль тогтоогчид тайлбарлажээ.


Жижиг дунд үйлдвэрлэл, Хоршоог хөгжүүлэх сан байгуулах, уг сангаас хөнгөлөлттэй зээл олгох, ИТХ орон нутагтаа хоршоог хөгжүүлэх хөрөнгийг жил бүр төсөвтөө тусгаж батлах зэрэг зохицуулалтыг энэ хуулиар бүрдүүлжээ. Орон нутгийн хөгжлийг дэмжих, халамж тэтгэмжид биш, хөдөлмөрт суурилсан бүтээгч-үйлдвэрлэгч ард түмэн болоход энэ хууль чухал үүрэг гүйцэтгэх бололтой.


Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг шинээр баталжээ. Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрийг бизнес эрхлэлтийг дэмжих үүднээс 72 мянган иргэн, аж ахуйн нэгжийн Монголбанкин дахь зээлийн мэдээллийн “хар түүх”-ийг хаажээ. Түүнчлэн зээлээ төлж дууссан ч гэсэн урьд өмнө авсан зээлийн төлөлт муу байснаар хар жагсаалтад орсон аж ахуйн нэгжүүдийг мөн түүнд  хамруулсан байна.


Монголын соёлын давтагдашгүй хэв шинжийг тодорхойлох, хамгаалах хүрээнд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх, соёлын үйл ажиллагааны чиглэлийг тодотгон, соёл судлал, соёлын боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх, соёлын үнэт зүйлийн бүртгэл, үнэлгээний болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн асуудлыг зохицуулах эрх зүйн үндсийг Соёлын тухай хууль баталж бүрдүүлжээ. 


УИХ Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тайланг авч хэлэлцэн, 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг баталсан байх юм.


Үндсэн Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 6 жилээр, зөвхөн нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллах Ерөнхийлөгчөө монголчууд  (2021 он) сонгосон. Бүх ард түмний санал хураалтаар олонхийн санал авсан Ухнаагийн Хүрэлсүхийг  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль УИХ баталжээ. Монгол Улсын шинээр сонгогдсон Төрийн тэргүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байна хэмээн УИХ-ын дарга Г. Занданшатар хэлсэн үгэндээ онцолсон байна.


УИХ-ын хаврын чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн, Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороод 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж, 274 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанууд яг цагтаа эхэлж, өнгөрсөн 30 жилийн парламентын түүхэнд хоцрогдол, таслагдалгүй, хамгийн өндөр амжилт үзүүлсэн чуулган болжээ. Парламент Үндсэн Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүрэн утгаар нь мөрдүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгохыг өөрийн үндсэн зорилтоо  болгон тодорхойлжээ.


Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцээд УИХ анх удаагаа тайлангийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталжээ. Илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан гаргасан тогтоолд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр Засгийн газарт тодорхой үүрэг, чиглэл өгсөн байна.     


Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэм баримтлах шаардлагатай байгаа ч чуулганы завсарлагааны хугацаанд цахим парламентын сүлжээ, техник технологийн боломж, бусад бололцоотой арга хэрэгслийг ашиглан батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд хүргэж ойлгуулах, намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулиудаар нээлттэй хэлэлцүүлэг цахимаар зохион байгуулахыг  УИХ-ын дарга үүрэг болгожээ.


Монгол Улсын 2021 оны төсөвт тодотгол хийж, цар тахлын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгажээ. Нийтдээ 743 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмсэн байна. Түүн дотор цалин хөлсөө нэмэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж авах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн байна.


УИХ-ын хаврын чуулганы  баталсан хууль болон хуралдааны талаарх тоон үзүүлэлтүүдийг авч үзэхэд ийм байна.

Холбоотой мэдээ