ОУОХ-ны чуулганд оролцогчид цар тахлын улмаас нас барагсдын дурсгалыг хүндэтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-20 13:41:14

ТОКИО. /TASS/. Токио хотноо энэ сарын 21-22-нд болох Олон улсын Олимпын хорооны чуулганд оролцогчид цар тахлын улмаас нас барагсдын дурсгалын хүндэтгэн нэг минут дуугаа хураажээ.  


Чуулганд хүрэлцэн ирсэн Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ эрх баригчдын Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулах шийдвэрт тууштай байхаа мэдэгдсэн байна. 


“Япон иргэдийн амь нас, эрүүл мэндэд анхаарах нь бидний эн тэргүүний асуудал юм. Түүнчлэн тамирчдын санааг чилээхгүйгээр тэмцээнд нь оролцуулахын тулд бид боломжтой бүхнийг хийнэ. Наадмыг аюулгүй зохион байгуулах шийдвэртээ бид тууштай байх болно” хэмээн Японы Ерөнхий сайд онцлон тэмдэглэжээ.


Харин ОУОХ-ны тэргүүн Томас Бах хэлэхдээ, “Тун удахгүй Олимпын наадам болох гэж байна. Тэмцээн үзэж буй хэдэн тэрбум хүн Японы ард түмнийг биширнэ гэж би бодож байна” гэжээ.  


Чуулганы эхний өдөр ОУОХ-ны гишүүд цар тахлын нөхцөлд наадмын бэлэн байдлыг үнэлэх бол дараагийн өдөр нь 2032 онд зуны Олимпын наадам болох хотыг сонгох аж. Өнгөрсөн сард тус хотоор Австралийн Брисбен хотыг сонгохыг ОУОХ-ны гүйцэтгэх хороо санал болгожээ. Түүнчлэн чуулганы хүрээнд ОУОХ-ны удирдах албан тушаалтнуудыг сонгох юм.  


Японы оршин суугчдын 87 хувь нь Токиогийн олимпын наадмыг зохион байгуулснаар халдварт өвчний тархалт улам нэмэгдэнэ хэмээн болгоомжилж байгааг өмнө нь “Kyodo” агентлагийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ. 

Холбоотой мэдээ