ОХУ-д "КовиВак" вакцин яагаад өндөр эрэлттэй байна вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-23 12:30:00

МОСКВА. /BBC/. Сүүлийн долоо хоногуудад ОХУ-д коронавирусний "КовиВак" вакциныг хийлгэхийг хүссэн иргэд вакцинжуулалтын цэгүүдэд урт дараалал үүсгэн зогсож байна. "КовиВак" вакцин бусдаасаа ямар ялгаатай вэ?, Оросод яг энэ вакцин өндөр эрэлттэй байгааг юу гэж тайлбарлах вэ?


"КовиВак" бол Оросын хамгийн нууцлаг вакцины нэг юм. Тус вакциныг М.П.Чумаковын нэрэмжит иммунобиологийн эм бэлдмэлийг судлах, боловсруулах шинжлэх ухааны төвд гарган авчээ. "КовиВак" вакцин өргөн хэрэглээнд нэвтрээгүй бөгөөд шинжлэх ухааны судалгаа хийгдээгүй аж.


Гэсэн ч "КовиВак" эрэлт үүсгэх ч завдалгүйгээр вакцинжуулалтын цэгүүдэд дуусаад байгаа аж. Өнгөрсөн баасан гарагт Москва  хотын эрүүл мэндийн газар "КовиВак" вакцинаас 12 мянган тунг хүлээн авахаа мэдэгдсэн хэдий ч тус вакциныг хийлгэх хүсэлтэй хүмүүсийн тоо илт нэмэгдэж, урт дараалал үүсжээ.


Хүмүүс яагаад "КовиВак" вакциныг сонгох болов?

“Надад болон миний ойр дотныхонд “Ковивак” вакциныг хийлгэхийг эмч зөвлөсөн. Би ч тухайн үедээ нарийн тодорхой шалтгааныг нь эмчээс асуугаагүй юм. Надаас илүү мэдэж байгаа учир л эмч тэгж хэлж байгаа болов уу” хэмээн Москва хотын оршин суугч Николай “BBC”-д ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.


“Оросуудад аль нэг онцгой, хүрэлцэхгүй байгаа бүхнийг олж авах хүсэл байдаг. "КовиВак" вакцин хийлгэхээр урт дараалал үүсгэснийг нь харвал нэлээд эрэлттэй байгаа бололтой. Надад ч мөн энэ вакцин "Спутник" вакцинаас илүү дэвшилттэй санагдаж байна. Хамгийн сайныг нь авахын тулд урт дараалалд зогсох хүсэл нь нөгөөтэйгүүр бидний сэтгэлгээнд байдаг” гэж тэрбээр мөн ярьжээ. 


Харин Чебоксар хотын оршин суугч Михаил үйлдвэрлэлийн технологийнх нь  талаар уншсаны дараа "КовиВак” вакциныг хийлгэхээр сонгосноо ярьжээ.


“Бусдаасаа ялгаатай нь "КовиВак” вакциныг “стандарт” хэлбэрээр бэлджээ. Тархвар судлаачдын ярьж буйгаар “Спутник” вакцин нь дайны үеийн вакцинуудад хамаардаг бөгөөд өөртөө вирусийг бүрэн агуулдаггүй. Ийм учраас би “Ковивак” вакциныг сонгосон” гэж тэрбээр ярьсан байна.  



"КовиВак” вакцины талаар тодорхой болсон зүйлс

“Ковивак” вакциныг Чумаковын нэрэмжит нэр хүнд сайтай шинжлэх ухааны төвд гарган авчээ.

Энэхүү төв нь Оростоо халдварт саа өвчний цорын ганц “амьд” вакцин үйлдвэрлэгч бөгөөд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан (НҮБ-ын ивээл дор ажилладаг олон улсын байгууллага)-ын цорын ганц ханган нийлүүлэгч юм.


Вирус судлаач Михиал Чумаков гэргий Марина Ворошилова, АНУ-тай хамтран ажилладаг Анатолий Смородинцевийн академитай хамтран халдварт саа өвчний “амьд” вакцины үйлдвэрлэл, эмнэлзүйн туршилтыг дэлхийд анх удаа явуулжээ. Чумаковын хүрээлэнд үйлдвэрлэгдсэн вакцин дэлхийн 60 гаруй оронд экспортлогдож, дийлэнх улсад халдварт өвчний дэгдэлттэй тэмцэхэд үр нөлөөгөө үзүүлсэн байна. 


"КовиВак" бол идэвхгүйжүүлсэн ("амьд биш") вирус юм. Энэхүү технологийг 70 гаруй жилийн турш ашиглаж иржээ. Ийм л зарчмаар Чумаковын төв халдварт саа өвчин болон хижиг, булчин задрах тахал, томуугийн эсрэг вакцинуудыг гарган авсан байна. 


 “Идэвхгүйжүүлэх технологи нь сайн судлагдсан байдаг. Энэ технологи нь өөрөө үр дүн, аюулгүй байдлын баталгаа биш. Үүнийг практик дээр, байгалийн орчинд шинжлэх хэрэгтэй” гэж “Атлас” төвийн эмч Кирилл Белан ярьжээ.


ОХУ-д зөвшөөрөгдсөн коронавирусний гурав дахь вакцин болох “КовиВак” вакциныг 2021 оны 2 дугаар сарын 20-нд бүртгэжээ. Хоёр тунт уг вакциныг 14 хоногийн зайтай хийдэг. Уг вакцинд "AYDAR-1” хэмээн вирусний омгийг ашиглажээ. Мөн дархлааны хариу урвал сайжруулагчийг нэмсэн байна. Вакцины вирусийг химийн аргаар идэвхгүйжүүлдэг. Тийнхүү 48 цагийн дотор химийн үйлчлэлд орсны дүнд хүнийг халдаахгүй гэж вакциныг хөгжүүлэгчид ярьж байна. 


"КовиВак" вакцины аюулгүйг шалгах эхний шатны туршилтад 200 хүн оролцжээ. Энэ үед туршилтад оролцсон хүмүүст гаж нөлөө илрээгүй байна.


 “КовиВак” вакцины үр дүнтэй эсэх нь батлагдсан уу?

Тус вакцины аюулгүй эсэх хийгээд үр дүнгийн талаарх шинжлэх ухааны нийтлэл хараахан гараагүй. Энэ нь ОХУ-д бүртгэгдсэн вакцинуудаас хамгийн нууцлаг нь юм. “КовиВак” вакцины талаарх дүгнэлтийг одоогоор зөвхөн хөгжүүлэгчдийн мэдэгдэлд тулгуурлан гаргах боломжтой. 

 

Холбоотой мэдээ