Сураггүй болсон уулчныг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-07-26 16:22:53

СӨҮЛ. /Yonhap/. Гималайн оргилоос буух үедээ сураггүй болсон уулчныг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоолоо гэж холбогдох албаны төлөөлөгчид өнөөдөр мэдээлжээ.


БНСУ-ын уулчин, 56 настай Ким Хон Бин Пакистан, Хятадын хилийн ойролцоо оршдог, 8047 метр өндөр “Broad” оргилоос бууж явах үедээ сураггүй болсон юм.


Кванжу хотын засаг захиргааны ажлын хэсгийн мэдээлснээр, эрэн хайх ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн тул аврах багийнхан баазыг тун удахгүй орхин явна.


"Уулчны алга болсон газрын байдал болон ням гарагт явуулсан эрэн хайх ажиллагааны дүнг харгалзан түүнийг амьд үлдсэн хэмээн үзэхэд хүндрэлтэй байгаа учир ар гэрийнхэн нь ажиллагааг зогсоохыг хүссэн" гэж аврах багийнхан сэтгүүлчдэд мэдээлжээ.


1991 онд ууланд авирах үеэрээ 10 хуруугаа хөлдөөсөн Ким Хон Бин Гималайн 14 оргилд авирсан дэлхийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүн болсныхоо дараахан сураггүй болсон юм. 


Тэрбээр “Broad” оргилоос буух явцдаа цаг агаарын нөхцөл таагүй үед сураггүй болжээ. Түүнээс нэг өдрийн дараа ойролцоо байсан Оросын уулчид түүний байршлыг тогтоосон боловч аварч чадаагүй байна.


Ням гарагт аврах нисдэг тэргийг далайн түвшнээс дээш 7900 орчим метрийн өндөрт илгээж, тус бүсийг зургаан удаа тойрсон боловч уулчныг олоогүй ажээ. 

Холбоотой мэдээ