Ф.Гранди: Дүрвэгч тамирчид хүмүүст урам зориг өгч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадамд оролцож буй дүрвэгч
тамирчид бэрхшээл сорилттой тулгарч буй хүмүүст урам зориг өгч байна гэж НҮБ-ын
Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Филиппо Гранди “NHK” телевизэд цахимаар ярилцлага өгөх үеэрээ
хэлжээ.
Өнгөрсөн баасан
гарагт болсон Олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр 11 улс орны тамирчдаас
бүрдсэн дүрвэгсдийн багийнхан Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд Грекийн тамирчдын араас хоёрдугаарт
жагсан орж ирсэн юм.
Ф.Гранди
хэлэхдээ, “Тэд бол дайн, хавчлага, ялгаварлан гадуурхалтаас дайжсан
хүмүүс. Тиймээс цэнгэлдэх хүрээлэнд барин орсон тэдний бэлгэдэл нь Японд
төдийгүй дэлхий дахинд цар тахал нүүрлээд буй энэ хүнд цаг үед маш хүчтэй утга санааг илэрхийлсэн” гэв.
“Ийнхүү тэд
Токиод ирэн дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж буй нь ямар нэгэн шалтгаанаар
зугтаж, дайжиж байсан хүмүүсийн хувьд гайхалтай амжилт юм. Тэд хүсэл
зориг, бэлтгэл сургуулилалт, ирээдүйдээ итгэх итгэлийнхээ хүчээр энд ирсэн нь хүн
бүхэнд урам зориг өгнө” хэмээн тэрбээр нэмж хэлжээ.
Мөн Ф.Гранди
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газар, Япон улс хооронд
өнгөрсөн долоо хоногт байгуулсан санамж бичгийн талаар дурдсан байна. Тодруулбал, Японы Цагаачлалын асуудал хариуцсан газар дүрвэгсдийн статус олгох шалгуураа илүү тодорхой болгохын тулд
НҮБ-ын агентлагаас зөвлөгөө авахаар болжээ.
Түүний хэлснээр, дүрвэгсдийг
тодорхойлох Японы систем "бага зэрэг удаан, төвөгтэй" байгаа бөгөөд энэхүү санамж
бичиг талуудыг хамтран ажиллахад хувь нэмрээ оруулах ажээ.