Германы гимнастикийн баг Олимпод битүү өмсгөлтэй оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
anudaritsagaan@gmail.com
2021-07-27 11:58:18

ТОКИО. /BBC/. Токиогийн Олимпын үеэр Германы эмэгтэйчүүдийн гимнастикийн баг хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг байр суурьтай байгаагаа үргэлжлүүлэн илэрхийлж, гимнастикийн битүү өмсгөлтэйгээр тэмцээнд оролцжээ.

Энэ оны эхээр болсон Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр тэдний зарим нь ийм хувцас өмссөн юм. Германы уран сайхны гимнастикч Сара Воссын хувьд, энэ спортоор хичээллэж байгаа залуу үеийнхэндээ аюулгүй байдлыг мэдрүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Сара Восс, Паулин Шефер-Бетц, Элизабет Сейц, Ким Буй нарын тамирчид шагай хүртэл татсан улаан, цагаан өнгийн өмсгөлтэйгээр ням гарагт болсон тэмцээнд оролцсон бөгөөд энэхүү өмсгөл нь тогтсон заншлыг эсэргүүцэж байгаагийн илэрхийлэл болсон байна.


Олон улсын тэмцээнд хөлөө халхалсан гимнастикийн өмсгөлийг ихэвчлэн шашин шүтлэгтэй холбоотой шалтгаанаар зарим гимнастикч өмсдөг. Германы баг өнгөрсөн долоо хоногт хийсэн бэлтгэлийнхээ үеэр мөн ийм хувцас өмсжээ. 

"Бид эмэгтэй хүн бүр төдийгүй бүх хүн юу өмсөхөө шийдэх ёстой гэдгийг харуулахыг хүссэн юм" гэж Олимпын наадамд гурав дахь удаагаа оролцож буй гимнастикч Э.Сейц хэлсэн байна. 

 

Холбоотой мэдээ