Дэлхий даяар өдөрт 35.4 сая тун вакцин тарьж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-07-28 10:59:34

ВАШИНГТОН. /Bloomberg/. Дэлхийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан вакцинжуулалт үргэлжилсээр байна. Ийнхүү дэлхийн 180 улс оронд 3.93 тэрбум гаруй тун вакцин тариад буйг “Bloomberg” агентлагийн тоон мэдээлэл харуулж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий даяар өдөрт 35.4 сая тун вакцин тарьж байгаа ажээ.


Өнөөдрийн байдлаар нийт 3.93 тэрбум тун вакцин тариад буй нь дэлхийн хүн амын 25.6 хувийг бүрэн вакцинжуулахад хүрэлцэх юм. Гэвч улс орнуудын вакцинжуулалын түвшин өөр хоорондоо эрс тэс ялгаатай байна. Тухайлбал, өндөр орлоготой улс орон, бүс нутгуудын хувьд хүн амаа бага орлоготой улс орнуудаас 30 дахин хурдан вакцинжуулж байна.


Дэлхий дахин хэвийн амьдралдаа хэзээ эргэн орох вэ?


COVID-19”-ийн хамгийн сайн вакцинууд 95 хувийн үр дүн үзүүлж байгаа ч цар тахлыг зогсооход уялдаа холбоотой кампанит ажил шаардагдана. АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн Энтони Фаучигийн хэлснээр, Америкийн хүн амын 70-85 хувийг вакцинжуулснаар хэвийн амьдралдаа эргэн орох боломж бүрдэх юм.


Дэлхийн хэмжээнд авч үзвэл, энэ нь амаргүй зорилт юм. Өдөрт 35.4 сая тун вакцин тарьж буй одоогийн хурдаар тооцоолбол, дэлхий даяар дархлаажуулалтын түвшнийг дээр дурдсан өндөр хэмжээнд хүргэхэд дахин нэг жилийн хугацаа шаардлагатай байна. Гэсэн хэдий ч үйлдвэрлэлийн хүчин чадал аажмаар нэмэгдэж байгаагийн сацуу цаашид шинэ вакцинууд зах зээлд нийлүүлэгдэнэ.


Дэлхийн хэмжээнд өдөрт тарьж буй вакцины тунгийн тоон үзүүлэлт /саяар/


Вакцинд хамрагдаагүйгээс үүдэлтэй цар тахал


COVID-19”-ийн вакцинууд халдварын муруйг бууруулна гэдгийг Израил улс хамгийн анх дэлхий дахинд харуулсан. Тус улс нь “COVID-19”-ийн вакцинжуулалт эхлэх үеэс дэлхийн улс орнуудыг тэргүүлж, хоёрдугаар сар гэхэд 70 болон түүнээс дээш насны хүн амынх нь 84 гаруй хувь вакцины хоёр тунд хамрагджээ. Ийнхүү халдварын тохиолдлууд эрс буурсан бөгөөд түүнээс хойш олон арван улс оронд ижил үр дүн ажиглагдсан юм.


Харин коронавирусний хурдан халдварладаг “Дельта” гэх мэт шинэ хувилбарууд үүсэн гарч ирснээр энэхүү ахиц дэвшилд аюул тулгарч, халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэх болоод байна. Дэлхий даяар халдварын шинэ тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэж, 10 долоо хоног буураад байсан нас барсан тохиолдлын тоо дахин нэмэгдэх болжээ. Ийнхүү одоо вакцин, вирусний хооронд "амьдрал, үхлийн тулаан" өрнөж байна.


Одоогоор хэрэглэж буй вакцинуудын хувьд халдвар хүндрэн эмнэлэгт хэвтэх, нас барахаас өндөр үр дүнтэйгээр хамгаалж буйг АНУ, Их Британи, Израилын сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Харин “Дельта” хувилбараар хөнгөн халдварлахаас сэргийлэхэд үр дүн бага байна. Мөн вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд халдварын үзүүлэлтүүд өндөр байгааг Америкийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд “вакцинд хамрагдаагүйгээс үүдэлтэй цар тахал” гэж нэрлэх болжээ.


Вакцинжуулалт ба халдварын тохиолдлууд


COVID-19”-ийн вакцинжуулалт өндөр байгаа газруудад халдварын үзүүлэлтүүд ерөнхийдөө тогтмол болох юм уу буурах хандлагатай байна. Одоогийн байдлаар, 16 газар нутаг хүн амынхаа дор хаяж 60 хувийг COVID-19”-ийн вакцины хангалттай тунд хамруулаад байна.


Дэлхий даяар вакцинжуулалтын кампанит ажил эхэлснээс хойш вакцины хуваарилалт тэгш бус байсан бөгөөд улс орнуудын вакцинд хамрагдсан хүмүүсийн тоонд ихээхэн ялгаа гарч эхэлсэн юм. Гуравдугаар сараас өмнө л гэхэд, Африкийн цөөн орон вакцины эхний нийлүүлэлтийг хүлээн аваад байсан. Харин АНУ-д өнөөдрийн байдлаар 100 хүн тутамд 103.2 тун вакцин тарьжээ.


Хүн амаа COVID-19”-ийн вакцинд бүрэн хамруулсан үзүүлэлтээр Мальдив дэлхийн улс орнуудыг тэргүүлж байгаа бөгөөд хүн амынх нь 77.9 хувь вакцинд бүрэн хамрагджээ. Түүний араас АНЭУ, Мальта, Кайманы арлууд, Сейшелийн арлууд, Бахрейн, Гринланд, Исланд, Уругвай, Сан Марино, Катар, Чили, Бермуд, Сингапур, Канад, Их Британи, Дани, Израил, Бельги, Монгол, Нидерланд, Испани зэрэг улс орон, бүс нутгууд хүн амынхаа 60 орчим хувийг вакцинд бүрэн хамруулснаар эхний байруудад жагсаж байна.  


Хүн амаа вакцинд бүрэн хамруулсан үзүүлэлтээр Мальдив тэргүүлж байна

Холбоотой мэдээ