ОХУ нефтийн экспортоо бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-29 14:18:08

МОСКВА. /TASS/. Оросын нефтийн экспорт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.4 хувиар буурч, 110.282 сая тоннд хүрчээ.


Энэ тухай ОХУ-ын Түлш, эрчим хүчний цогцолборын диспетчерийн төв газар мэдээлэв.


ОХУ ОПЕК+-н нефтийн олборлолтыг бууруулах тухай хэлэлцээрт оролцдог бөгөөд үүний үр дүнд хилийн чанадын нийлүүлэлтээ бууруулдаг.  


Өнгөрсөн 6 дугаар сард нефтийн экспорт 3.5 хувиар буурч, 18.868 сая тоннд хүрсэн байна.


ТУХН-ийн бус орнуудад нийлүүлсэн экспортын хэмжээ оны эхний 6 сарын хугацаанд 12.1 хувиар буурч, 104.058 сая тоннд хүрсэн бол 6 дугаар сард 7.6 хувиар буюу 18.494 сая тоннд хүрч өсжээ.  Харин ТУХН-ийн болон Балтийн орнуудад нийлүүлдэг нефтийн экспорт он гарснаас хойш 34 хувиар өсөж, 6.222 сая тоннд хүрчээ. Энэ үзүүлэлт 6 дугаар сард 62.7 хувиар буурч, 374.7 мянган тонн болсон байна.


Нефтийн транзит 1-6 дугаар сард 5.8 хувь буюу 9.119 сая тоннд хүрч буурсан бол 6 дугаар сард 16.3 хувиар буурч, 1.604 сая тоннд хүрчээ.  


Дотоодын зах зээлд энэ оны эхний хагас жилд 139.46 сая тонн нефть нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.2 хувиар бага үзүүлэлт болсон байна. Харин өнгөрсөн сард дотоодын зах зээлд 23.131 сая тонн нефть нийлүүлсэн нь 10.4 хувиар өссөн үзүүлэлт болжээ.


Оросын нефтийн компаниуд бензиний экспортоо бууруулсан тухай “Известия” цахим хуудсанд 7 дугаар сарын эхээр мэдээлсэн байна. Тодруулбал, энэ оны эхний хагас жилд 17.7 сая тонн Евро-5 ангиллын бензин үйлдвэрлэснээс ердөө 10 хувийг нь хилийн чанадад нийлүүлжээ.


Түлш, эрчим хүчний цогцолборын диспетчерийн төв газрын мэдээлснээр, 6 дугаар сарын эхний хагаст тус түлшнээс 5-хан хувийг экспортолсон байна. Ийм үзүүлэлттэй буйг аялал жуулчлалын улирлын ид оргил үед дотоодын зах зээлд эрэлт, нийлүүлэлт нэмэгдсэний дүнд үзүүлж буй компаниудын хариу үйлдэлтэй холбон тайлбарлажээ. Оросын бензиний экспортод хориг тавих боломжийг Засгийн газар 4 дүгээр сараас хэлэлцжээ. Гэсэн ч экспортын хэмжээ нэгэнтээ хамгийн доод үзүүлэлтэд хүрч, түлшний зах зээлийн нөхцөл байдалд нөлөөлөхөө болих учир одоо ийм арга хэмжээ авах шаардлагагүй гэж шинжээчид үзэж байна. Харин бензиний хомстол үүснэ гэж таамаглах хэрэггүй хэдий ч рублийн ханш суларсантай холбоотойгоор үнэ нь цаашид өснө гэж шинжээчид үзжээ.


Үйлдвэрлэлээсээ хамгийн ихээр хилийн чанадад нийлүүлсэн компани нь Сургутнефтегаз байжээ. Тодруулбал, тус компани эхний хагас жилийн хугацаанд бензинийхээ 67 хувийг экспортолжээ. Түүнчлэн энэ хугацаанд Антипинскийн газрын тос боловсруулах үйлдвэр болон "НефтехимСервис" компани 56, TAIF-NK 32, ForteInvest 28 хувийг тус бүр нийлүүлсэн байна. Дотоодын зах зээлийн нийлүүлэлтийг Газпромнефть, Лукойл, Роснефть, Татнефть компаниуд хамгийн их хангажээ.


Оросын компаниуд бензинийг голдуу дотоодын зах зээлд нийлүүлж байна. Дунджаар тооцоолж үзвэл, манайд үйлдвэрлэгдсэн бензиний 90 орчим хувь нь дотооддоо худалдагдаж байна хэмээн ОХУ-ын Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн ерөнхий захирлын орлогч Александр Фролов цохон тэмдэглэв.


“Оросын бензиний экспорт Төв Ази, Балтийн орнууд, Финландад хийгддэг. “Роснефть дотоодын зах зээлийн аюулгүй байдлыг хангаж байна. Харин Сургутнефтегаз компани газарзүйн байрлал нь ашигтай байдгийн хувьд экспортын чиглэлд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна хэмээн түлшний холбооны дэд ерөнхийлөгч Дмитрий Гусев мөн ярьсан байна


Эх сурвалж: TASS, Известия 

Холбоотой мэдээ