Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
uransolongo49@gmail.com
2021-08-03 10:01:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Орхон голын адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Бэлтэс, Шишхэд, Дэлгэрмөрөн, Бүгсий Хангай нурууны өврийн Заг, Байдраг, Түй, Завхан, Хожуул арын Идэр, Чулуут, Хануй зэрэг голуудын   усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-90 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-55 см давсан байна. Харин Халх, Орхон голууд үерийн аюултай түвшинг 5-60 см  даван хүчтэй үерлэж байна. 


Цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.


Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна.

 


Холбоотой мэдээ