Г.Ёндон: Шатахуун импортлогчид литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-08-03 11:15:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосны үнэ долоодугаар сард 73.85 ам.долларт хүрснээр, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд литр тутамдаа 600 төгрөгийн алдагдал хүлээсэн тул жижиглэнгийн үнийг нэмэхээс аргагүйд хүрчээ.


Төрийн ордонд өнөөдөр УУХҮЯ, АМГТГ, Монголбанк хамтран шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзсан юм. Уулзалтын эхэнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон дээрх мэдээллийг өгсөн юм. Тэрээр, "Коронавирусний цар тахал эхэлснээр, улс орнууд хөл хорио тавьж, гол шатахуун хэрэглэгч авиа компаниудын үйл ажиллагаа зогссон. Улмаар зах зээлд илүүдэл газрын тосны бүтээгдэхүүн хуримтлагдаж, 2020 оны нэгдүгээр сараас үнэ унаж эхэлжээ. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сард 65.37 ам.доллар байсан газрын тосны үнэ тухайн оны дөрөвдүгээр сар гэхэд 19.49 ам.доллар буюу хамгийн доод түвшиндээ хүрчээ. Үүнээс хойш жил гаруйн хугацаанд газрын тосны үнэ тогтмол өссөнөөр 2021 оны долоодугаар сард 73.85 ам.долларт хүрсэн" хэмээн мэдээлэв.


Манай улсад 2020 оны нэгдүгээр сард АИ-92 автобензины жижиглэнгийн үнэ 1735 төгрөг байсан бол 2020 оны дөрөвдүгээр сард дэлхийн зах зээлийн ханштай уялдуулж 1350 төгрөг болсноор, 2021 оны долоодугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилсэн. Гэвч энэ хугацаанд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 19-74 ам.доллар хүртэл буюу 240 хувиар нэмэгдсэн байна. Хэдийгээр дэлхийн зах зээлд шатахууны үнэ тогтмол өсөж байсан ч Засгийн газраас хүн амын 60 хувийг дархлаажуулалтад хамруулах хүртэл шатахууны үнийг тогтвортой барихыг импортлогч аж ахуйн нэгжүүдээс хүссэн гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээллийн үеэр тодотголоо. 



Тэрбээр, "Коронавирусний анхны тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнээс хойш хөл хорио эхэлж эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Засгийн газраас хэд хэдэн онцгой шийдвэр гаргасан. Тухайлбал, 2020 оны 12 дугаар сараас цахилгаан, дулааны мөнгийг төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр хариуцах болсон юм. Мөн сайжруулсан түлшний үнийг Эрдэнэс таван толгой компани 75 хувиар хөнгөлж байгаа. Энэ нөхцөлд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээрийн ширээнд сууж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд АИ-92 автобензины үнийг дархлаажуулалтын ажил 60 хувьд хүрэх хүртэл тогтвортой барихыг хүссэн. Дархлаажуулалт хүн амын 60 хувьд хүрснээр, хөл хорио тавигдаж, эдийн засаг сэргэнэ гэж тооцсон юм. Ингэснээр, цар тахлын хүнд үеийг даван туулахад дорвитой нэмэр болсон гэж үзэж байна. Харамсалтай нь, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд ашгийн төлөө байгууллага. 2021 оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэл алдагдал хүлээж  эхэлсэн. Эцэстээ литр тутамдаа 600 төгрөгийн алдагдал хүлээх болсон юм. Энэ хэвээр цааш үргэлжилбэл, шатахууны хомсдол үүсэх эрсдэлтэй байсан тул шатахууны үнийг үе шаттай нэмэх арга хэмжээ авсан" хэмээлээ. 


Мөн тэрээр, сүүлийн жилүүдэд төрөөс шатахууны үнийн зохицуулалтын олон арга хэмжээг хэрэгжүүлсэн гэдгийг тэмдэглэв. Тухайлбал, 2018 онд АИ-80, АИ-92 бензины онцгой албан татварыг тэглэсэн бөгөөд энэ арга хэмжээ өнөөдрийг хүртэл хэвээр үргэлжилж байна. Мөн 2020 оны дөрөвдүгээр сард Сингапурын хөрөнгийн биржийн компанитай хэлцэл хийснээр, 2020 оны 12 дугаар сар хүртэл 1450 төгрөгт барьсан байна.



"НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, "Өнөөдөр 100 гаруй шатахуун импортлогч, 30 гаруй жижиглэнгийн худалдаа эрхлэгч компани байна. Газрын тосны зах зээл бол монополь биш, чөлөөт зарчмаар шатахууны үнийг тогтоож байна. Цаашид найм, есдүгээр сард шатахууны үнийн өсөлт ажиглагдаж байгаа. Энэ бол зах зээлийн зарчим тул хэрэглэгчид ойлгох хэрэгтэй. Газрын тосны салбарт 10 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд бид хоёрдугаар сараас эхлэн алдагдал хүлээсэн ч ажилчдаа цомхотгоогүй, цалин бууруулаагүй. Мөн технологийн горим шинэчлэх, шинээр шатахуун түгээх станц барих ажил тэг зогссон. Бид банкны бүх төрлийн зээлээр бизнесээ дэмжиж байна. Алдагдалтай бизнес эрхэлж байгаа тул дараагийн бүтээгдэхүүний захиалга, гадаад худалдан авалтад доголдол гарч, шатахууны хомсдол үүсэх эрсдэл гарсан. Энэ бүх зовлонгоо АМГТГ, УУХҮЯ-нд удаа дараа тавьж, мэдээдэл солилцож байсан. Гэхдээ бид Засгийн газрын шийдвэр, цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнөөдрийг хүртэл алдагдал хүлээсээр ирлээ" хэмээв.


Өнгөрсөн онд санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан олон улсын компанитай тогтвортой байдлыг хангах гэрээ байгуулж ажилласны үр дүнд бид үнийн өсөлттэй энэ жил гаруй хугацаанд үнэ хямд шатахуун хэрэглэсэн. Цар тахлын үе, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тасалдсан, иргэдийн орлого буурсан үед, иргэдийн 60 хүртэлх хувийг вакцинжуулж, эдийн засгийн идэвхжил нэмэгдэх хүртэл өргөн хэрэглээний АИ-92 авто бензиний үнийг өсгөхгүй байх зөвшилцөлд хүрч энэ оны долоодугаар сар хүртэл шатахууны үнэд өөрчлөлт оруулаагүйг уулзалтад оролцогчид хэлж байлаа.


Манай улс одоогоор шатахууны 30 хоногийн нөөцтэй. ОХУ-ын Эрчим хүчний яамнаас АИ-95, АИ-98 авто бензинийг ирэх сард нийлүүлэхгүй гэж мэдэгдсэн учир тухайн төрлийн бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд БНХАУ-ын “China oil” компанитай хэлэлцээр хийж, АИ-95, АИ-98 бензин авахаар болсон байна. БНХАУ-аас импортлох АИ-95, АИ-98 авто бензиний үнийн хувьд зөрүү гарахгүй, чанарын хувьд олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн байна. Манай улсын урд, хойд хөршийн иргэд нэг литр бензинийг 2-3 мянган төгрөгтэй дүйх үнээр худалдан авч байна.


Өмнөд хөршид гэхэд он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ 12 удаа нэмэгджээ. Монгол Улс жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулснаар дотоодын газрын тос хэрэглээний 55-60 хувийг хангана. Одоогийн байдлаар технологийн бус барилга байгууламжийн барилга-угсралтын ажил эхэлсэн байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өгсөн чиглэлийн дагуу УУХҮЯ, Сангийн яам хамтран Газрын тосны үйлдвэр баригдтал шатахууны үнийг тогтвортой байлгах төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. Засгийн газар шатахууны нөөцийг нэмэгдүүлэх УУХҮ-ийн сайд Г.Ёндон онцолж байлаа.

Холбоотой мэдээ