Жил бүр нэмж суулгасан модны арчлалт хамгаалалтыг хийх нь чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Улиастай сумын албан
байгууллагууд цэцэрлэгт хүрээлэн болон нийтийн эзэмшлийн талбайд өнгөрсөн жил тарьсан
мод бутыг арчлах, тордох ажлыг хийж байна гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.
-“Өнгөрсөн жил тус аймагт “Ногоон-Улиастай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэнг моджуулжээ. Тухайлбал сумын ногоон байгууламжийн албыг байгуулж 25000 м2 талбайг зүлэгжүүлж, 400 ширхэг гацуур, 200 ширхэг нарс, голт бор, буйлс, гүйлс, монос, хайлаас гэх зэрэг 20 гаруй нэр төрлийн модыг тарьж ургуулжээ.
Сумын
хэмжээнд нийт 25000 ширхэг гоёлын модыг 33 байрлалд тарьж 4200 м хайс
хамгаалалт хийж, байнгын усалгаа хийж арчилж хамгаалсан байна. Ер нь жил бүр
нэмж суулгасан модны арчлалт хамгаалалтыг хийж, мод тайралт, хэлбэржүүлэлт,
хортон шавьжнаас хамгаалах ажиллагааг тогтмол хийх нь үр дүнтэй юм. Хавар
намрын улиралд тариад орхих бус, байнгын арчилгаа, усалгаа чухал юм. Мөн
иргэдийн анхаарал, хяналт ч чухал юм. Сүүлийн хоёр жилд иргэдийн амарч,
зугаалах нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн тоо таваар нэмэгдээд байна. Цэцэрлэгт
хүрээлэн, ногоон байгууламжид гоёлын төрөл бүрийн мод тарихаас гадна, цэцгийн
мандлыг жил бүр ургуулдаг болсон нь иргэдийг ая тухтай ногоон орчинд амарч
зугаалах боломжоор хангаад буй юм. Харин 2021 оны хаврын мод тарилтаар аймгийн хэмжээнд
улиас, бургас, шар хуайс, хайлаас, чацаргана, үхрийн нүд, буйлс, гүйлс, өрөл,
голт бор, тэхийн шээг, шинэс, монос, интоор, бөөрөлзгөнө, агч зэрэг 16 гаруй
нэр төрлийн нийт 12565 ширхэг мод бут тарьсан байна. Үүний 6087 ширхгийг 126 аж
ахуйн нэгж байгууллага орчин тойрондоо тарьсан байна”.