ТҮЦ машин иргэдийн цагийг хэмнэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-04 07:22:08

Завхан/МОНЦАМЭ/.Төрийн ажлыг хөнгөвчлөх, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх зорилго бүхий ТҮЦ машинаар  5120 иргэн үйлчлүүлжээ.
Энэхүү ТҮЦ машинаар үйлчлүүлэх иргэдийн тоо цар тахлын үед илүү өссөн байгаа. Иргэд маань ч дуртай үйлчлүүлдэг. Учир нь цаг хэмнэдэг болохоор тэр. Өнөөдрийн байдлаар ТҮЦ машинаас 2461 иргэн иргэний үнэмлэхийн лавлагаа, 1008 иргэн үл хөдлөх хөрөнгийн лавлагааг авсан байна. Түүнчлэн иргэд иргэний үнэмлэх болон нийгмийн даатгалын чухал баримт бичгүүдээ гээх, хаяж үргэдүүлчхээд дахин авахгүйгээр цахим машинаас зөвхөн лавлагаа авч бараг жилийн дараа баримт бичгээ авах тохиолдол гарч байна. Тиймээс иргэд цахим машины лавлагааг чухалчлахаас илүүтэй баримт бичгээ яаралтай заавал дахин авч байхыг сануулж байна хэмээн аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Нэг цонхны үйлчилгээний төвөөс мэдээлэв.  

ТҮЦ машинаас лавлагаа авахдаа картаар тооцоо хийнэ

Төрийн үйлчилгээний цахим машин буюу та бидний хэлж заншсанаар ТҮЦ машиныг одоогоос найман жилийн өмнө Үндэсний Дата төвийн дэд бүтцийг түшиглэн анх үйлчилгээнд нэвтрүүлж байсан аж. 

Тэгвэл сүүлийн хоёр жил цар тахлын үеэр халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэн мөнгөөр бус банкны картаар иргэд лавлагааны төлбөрөө төлдөг болсон аж. Мөн ТҮЦ машинаар үйлчлүүлэхээс өмнө ба дараа нь гар ариутгагчаар гараа заавал ариутгахыг зөвлөж байна. Иргэд та бүхэн ТҮЦ машинаар дамжуулан дараах 24 төрлийн үйлчилгээг авах боломжтой юм. Тухайлбал санал хүсэлт, өргөдөл гомдол, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн, үнэмлэх захиалах, иргэний үнэмлэхийн баримт авах, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн, цахилгааны төлбөр, татварын лавлагаа, илгээмж оруулах, авах, баримт бүртгүүлэх, данс тохируулах, бүртгэлтэй баримтууд, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Цагдаагийн Ерөнхий газрын "Жолоодох эрхийн лавлагаа", жолоодох "Эрх сэргээх лавлагаа", /2015 он/, эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа”, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн лавлагаа”, “Тэтгэврийн эрх үүссэн эсэх” лавлагаа, “Нийгмийн даатгал ажил олгогч лавлагаа” /2017 он/, Монгол банкны “Валютын ханшийн лавлагаа” /2017 он/, орон сууц захиалах хүсэлт, ачааны авто машины зөвшөөрөл, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, бүртгэлгүйн лавлагаа, гаалийн байгууллагад өртэй эсэх лавлагаа, төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх гэх мэт лавлагааг авах юм гэж аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Нэг цонхны үйлчилгээний төвөөс мэдээлэв. 

Холбоотой мэдээ