Дэлхий даяар илэрсэн халдварын тохиолдлын тоо 200 сая давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-08-05 09:00:52

ВАШИНГТОН. /Axios/. Дэлхий даяар илэрсэн “COVID-19” халдварын тохиолдлын тоо 200 сая давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа.


"COVID-19"-өөр халдварласан тохиолдлын тоо ийнхүү өндөр үзүүлэлтэд хүрэхэд хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалт нөлөөлсөн бөгөөд өнгөрсөн долоо хоногт л гэхэд дөрвөн сая гаруй тохиолдол илэрсэн байна. 


Тодруулбал, халдварын тохиолдлын тоо 100 саяд хүрэхэд нэг жил орчмын хугацаа зарцуулагдаж байсан бол ердөө зургаан сарын дотор ийнхүү хоёр дахин нэмэгдээд байна гэж “New York Times сонинд мэдээллээ.


Мөн дэлхийн хэмжээнд долоо хоногт шинээр илэрч буй халдварын тохиолдлын тоо сүүлийн сар гаруйн турш нэмэгдэж, ялангуяа Газар дундын тэнгисийн зүүн бүс, Номхон далайн баруун бүсийн орнуудад ихээхэн өссөн байна.


Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт АНУ, Энэтхэг, Индонез, Бразил, Иранд өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн гэж “CNN” телевиз мэдээлжээ.


Цар тахал дэгдсэнээс хойш энэ сарын 4-ний өдрийн байдлаар, коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 4.25 сая давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулж байна. 


"Our World in Data" цахим хуудасны мэдээллээр, дэлхийн хэмжээнд 2.3 тэрбум орчим хүн вакцины дор хаяж нэг тунг тариулсан бол 1.2 тэрбум орчим хүн вакцинд бүрэн хамрагджээ. 


 

Холбоотой мэдээ