Египет хөгжиж буй орнуудын вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
anudaritsagaan@gmail.com
2021-08-06 11:19:02

КАИР. /Xinhua/. Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шукри коронавирусний эсрэг вакциныг хөгжиж буй орнуудад хүртээмжтэй болгохын тулд олон улсын хамтын ажиллагааг өрнүүлэхийг пүрэв  гарагт уриаллаа гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.


БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн зохион байгуулсан “COVID-19”-ийн вакцины хамтын ажиллагааны талаарх олон улсын форумын анхны уулзалтын үеэр С.Шукри ийнхүү хэлжээ. Цахим хэлбэрээр зохион байгуулсан энэхүү уулзалтад Хятад, Египет зэрэг дэлхийн 23 орны төлөөлөгчид оролцсон байна. 


Уулзалтын үеэр хөгжиж буй орнуудад коронавирусний вакцинуудын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцлон дурдсан С.Шукри, "Египет улс энэ чиглэлд БНХАУ-ын үзүүлж буй дэмжлэгт талархаж буйг илэрхийлсэн" гэж Гадаад хэргийн яам мэдээлжээ.


Египет улс нь Хятадын дэмжлэгтэйгээр вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай болсон анхны хөгжиж буй орнуудын нэг бөгөөд тус улсад саяхан Хятадын “Sinovac” компанийн вакцины нэг сая тунг хамтран үйлдвэрлэснийг хоёр орон сайшаан тэмдэглэсэн байна. 


Үүний зэрэгцээ С.Шукри хөгжиж буй болон хөгжингүй орнуудын вакцинжуулалтын ялгаатай байдал улам бүр өсөн нэмэгдэж буйг дурдаад, хөгжиж буй орнуудын вакцинжуулалтыг хурдасгахын тулд “COVAX” хөтөлбөрт хангалттай хийгээд тогтвортой санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.

Холбоотой мэдээ