Токиогийн олимпын тод өнгө Б.Болортуяа

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2021-08-08 07:35:50

Монголын багийн дөрөв дэх медалийг чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Болортуяа авчирлаа. Авчрах авчрахдаа гуйж бус гуядаж авлаа. Хүрэл медалийн төлөө барилдсан Б.Болортуяа Камеруны бөх, Африк тивийн долоон удаагийн аварга Т. Эссомбег 14:4 оноогоор цэвэр ялж, олимпийн дөрөв дэх медалийг хүзүүндээ зүүсэн юм. Эхэндээ хоёр оноо алдсан ч, маш тайвнаар барилдаанаа үргэлжлүүлж, хүч мэхээр давамгайлан ялалт байгуулж, монголчуудын цорын ганц найдвар болж үлдсэн чөлөөтийнхний нэрийг хамгаалж чадлаа. Ингэснээр чөлөөтийнхөн олимпийн наадмаас 10 дахь медалиа өөрийн болгож байгаа бол Б.Болортуяагийн хувьд олимпын наадмаас медаль хүртсэн чөлөөтийн хоёр дахь эмэгтэй бөх болов. Өөрөөр хэлбэл, 2012 онд Лондонгийн олимпоос хүрэл медаль зүүсэн С.Батцэцэгийн амжилтыг давтлаа. Мөн хоёр жилийн өмнө буюу 2019 онд Казахстаны нийслэл Нур-Султан хотод болсон ДАШТ-д анх удаа оролцоод хүрэл медаль авч байсан бол энэ удаад олимпод анх зодоглоод ийнхүү хүрэл медалийн эзэн болов.


Манайх дөрвөн медальтай болсноор тэртээ 1964 онд Токиогийн олимпод анхлан оролцсон Монголын баг тамирчид дөрвөн жилийн дараа буюу 1968 оны Мехикогийн олимпод үзүүлсэн нэг мөнгө, гурван хүрэл медалийнхаа амжилтыг 53 жилийн дараа Токиод дахин батлах нь энэ.  Зуны олимпод оролцсон бүх үеийн түүхэндээ манай тамирчид “Мехико-1968”, “Москва-1980”, “Бээжин-2008” олимпоос дөрвөн медаль хүртсэн бол “Лондон-2012” олимпоос таван медальтай ирсэн билээ. Тухайн үедээ Мехикогийн дөрвөн медалийг бүгдийг нь чөлөөт бөхийнхөн авч байсан бөгөөд олимпоос хоосон буцдаггүй уламжлалаа 1980 оны Москвагийн олимп хүртэл хадгалж чадсан байдаг. Харамсалтай нь, түүнээс хойш чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид 41 жилийн турш Францын соён гэгээрүүлэгч, Барон хэргэмт Пьер-де-Кубертений таван тивийн улс үндэстнийг спортоор нөхөрлүүлэн энх тайван, хамтын ажиллагааны үйлсийг хөгжүүлэх сод санааг хэрэгжүүлж, "Тамирчдын ялалт бус оролцоо нь олимпын хамгийн гол зүйл" гэсэн тунхагийг бодитоор хэрэгжүүлсээр өнөөг хүрлээ. 


Тэдний өмнөөс эмэгтэйчүүд нь медальд хүрч, чөлөөт бөх гэдэг нэрийг хамгаалдаг болсон нь ч хөдөлшгүй үнэн. Үүнийг Токиогийн дэвжээнд уран мэхийг уралдуулан чөлөөтэй барилдаж, хүрэл медаль хүзүүндээ зүүсэн 24 настай Б.Болортуяа нотоллоо. Үүнээс өөр тайлбар одоохондоо алга. Яагаад чөлөөтэй барилдаж гэж хэлэх болов гэхээр түүнийг дэвжээн дээр хэрхэн барилдахыг монгол хүн бүхэн цэнхэр дэлгэцээр харсан. Бас тэр өөрөө “Чөлөөтэй барилдахыг чөлөөт бөх гэж хэлдэг” гэж нэгэнтээ хэлсэн байна билээ. Энэ утгаараа тэр үнэхээр Токиогийн олимпын тод өнгө байж чадлаа.

Тэрбээр эхний тойрогт Гуамын Ркаела Акиног 54 секундэд цэвэр ялж, дараа нь Эквадорын М.Валвердег 15:5 оноогоор цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан ч, Японы бөх, дэлхийн хошой аварга, хошой мөнгөн медальт Маю Мүкаидатай барилдаж ялагдсан. Б.Болортуяаг ялсан Маю Мүкаида төвөггүйхэн олимпын аварга болж байгааг бүгд харсан. Ер нь манай бөхчүүдтэй учраа таарч ялсан өрсөлдөгчдийн ихэнх нь олимпын аваргын алтан медаль зүүж харагдсан нь бас нэгийг хэлээд байсныг энд өгүүлэхэд илүүдэхгүй байх.

Албан эх сурвалжаас дурдахад “Монгол Улс бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 1963 оноос оролцож эхэлжээ. Эмэгтэй бөхчүүд 2001 оноос ДАШТ-д оролцож байна. Чөлөөт бөхийн тэмцээнд оролцож буй улсуудыг медалийн чанараар байр эзлүүлэхээс гадна авсан медаль, медаль эзлээгүй байр тус бүрт оноо өгч онооны чанараар багуудыг жагсаан байр эзлүүлдэг. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй багуудыг онооны чанараар тусад нь жагсаадаг ба энэ нь тухайн улсын тамирчид тэмцээнд хэр жигд амжилттай оролцсоныг тодорхойлдогоороо жүдогийн тэмцээнээс ялгаатай. 2014 оны байдлаар алтан медальд 10, мөнгөд 9, хүрэлд 8 оноо өгч байна” гэжээ. Харамсалтай нь, Википедиа буюу Чөлөөт нэвтэрхий тольд засвар хийгдээгүй учраас Б.Болортуяагийн 2019 оны ДАШТ-ий хүрэл медалийн тэмдэглэгээ алга.

Түүний амжилтаас цухас дурдвал, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл, “Mongolia open” олон улсын тэмцээний мөнгө, хошой хүрэл, УАШТ-ий хошой алт, 3 хүрэл медалийн эзэн, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт бөгөөд 2021 онд Алмата хотод болсон Олимпын чансаа тогтоох тэмцээнд жиндээ алтан медаль хүртсэн байдаг.


Анх бэлтгэл хийж эхэлснээсээ хойш хоёр жилийн дараа өсвөр үеийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байжээ. Б.Болортуяагийн шүтээн тамирчин бол дэлхийн 13 удаагийн аварга, олимпын 3 алт, 1 мөнгөн медальт  Японы алдарт бөх Саори Ёшидо юм. “Тэр бөх шиг мундаг сайн бөх болохыг зорилгоо болгож, зураг зурж мөрөөддөг байсан” тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.


Тэрбээр Ховд аймгийн Булган сумын уугуул. Түүнийг 4 настай байхад гэр бүл нь хотод шилжиж иржээ. Бага насаа Нисэхэд өнгөрүүлж, ХУД-ийн 114 дүгээр сургуулийг төгссөн. МУБИС-д чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжлээр суралцдаг. 2011 оноос “Женко” чөлөөт бөхийн клубт ОУХМ С.Мөнхсүх, Б.Мөнхтуяа нарын удирдлаган дор  бэлтгэл хийж эхэлсэн охин арав гаруй жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг Токиогийн олимпод ийнхүү үнэлүүллээ.


Тамирчин хүний хамгийн сайхан мэдрэмж болДэвжээн дээр өрсөлдөгчтэйгээ эн тэнцүүхэн ач тач үзэлцэн хамаг зүйлээ шавхан байж хожих тэр мэдрэмж. Тэр үед дэвжээний буланд сууж байгаа багшийнхаа баярлаж байгаа царайг харах мөч хамгийн сайхан нь” гэж тэр бас хэлсэн. Түүгээр ч зогсохгүй, “Бүгд яг ижилхэн бэлтгэл хийж байгаа, чи тэднээс нэг л алхмаар түрүүлж алхах хэрэгтэй. Ганцхан алхам,  ганцхан л хором тэвчиж хичээж чадах юм бол чи бусдаасаа ялгарч чадна гэж хэлмээр байна” гэсэн нь спортоор хичээллэж, амжилтад хүрэхийг хүсэгчдэд нэгийг бодуулах үг санагдсан.


Түүнээс үлгэр авууштай бас нэг зүйл бол амжилтаа ахиулах тусам, алдрын тавцанд өгсөх бүртээ анхны багшаасаа эхлээд ач тус хүргэсэн хүн бүртээ баярлаж явдгаа илэрхийлдэг халуун сэтгэлийн талархал нь юм. Токиогийн олимпын медалийн тавцангаас буусныхаа дараа ч тэрбээр  бүх багш нарынхаа нэрийг дурдаж баярлаж явдгаа илэрхийлсэн бөгөөд үүний зэрэгцээ “Аав аа, охин нь чадлаа” гэж баяртайгаар зарласан. Тэр бол амласандаа хүрсэн хүний үг байсан. Тийм ээ, чи чадсан Б.Болортуяа!  Чамд дахиад ч боломж бий. Гурван жилийн дараа Франц орон чамайг хүлээж байгаа.

Холбоотой мэдээ