Олимптой холбоотой халдварын тохиолдлын тоо 400 давжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-08-08 10:42:46

ТОКИО. /Japan Times/. Токиогийн Олимпын наадамтай холбоотой 22 хүнээс коронавирусний халдвар илэрснээр ийм тохиолдлын нийт тоо 404-т хүрлээ гэж тус наадмыг зохион байгуулагчид бямба гарагт мэдээллээ.


Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудын 13 нь гэрээт ажилтан, дөрөв нь наадамтай холбоотой төлөөлөгч, хоёр нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, хоёр нь зохион байгуулах хорооны ажилтан, нэг нь сайн дурын ажилтан юм.


Харин тамирчдын дунд сүүлийн хоёр өдөр дараалан халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Шинжилгээний хариу нь эерэг гарсан 22 хүний 16 нь Японы иргэн бол тамирчдын хотхонд байрлаж байсан хилийн чанадаас ирсэн нэг хүнээс мөн халдвар илэрчээ.


Нийт 17 өдөр үргэлжлэх Олимпын наадам өнөөдөр өндөрлөнө. Энэхүү наадмыг зохион байгуулж Токио хотын хувьд халдварын улмаас онцгой байдал тогтоосон хэвээр байгаа бол Японы бусад бүсүүдэд сүүлийн долоо хоногуудад халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болоод байна.


Мөн Японы нийслэлд пүрэв гарагт 5042 хүнээс халдвар илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд баасан гарагт 4515 тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд илэрсэн халдварын нийт тохиолдлын тоо баасан гаргийн байдлаар нэг саяд хүрсэн юм.


Тамирчдын хувьд “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээнүүдийг мөрдөж буй “зэрэгцээ ертөнцөд” амьдарч байгаа тул хотхоны гаднах нөхцөл байдалтай харьцуулахад харьцангуй цөөн тохиолдол бүртгэгдээд байгааг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.  

Холбоотой мэдээ