Арван их наядын төлөвлөгөө ашиг өгөх үү?

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-08-09 19:29:12

Цар тахлын үед эдийн засгаа хямруулахгүйн төлөө Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээ, бодлого шийдвэр эхнээсээ үр дүнгээ өгч байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлэх боллоо. Хамгийн сүүлд “Fitch” агентлаг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 их наядын төлөвлөгөө хөтөлбөр богино болон дунд хугацаандаа банкны салбарын өсөлтөд багагүй эерэг нөлөөтэй байх тухай мэдээлсэн. Харин Сангийн яамны зүгээс хөтөлбөр төлөвлөгөө үр дүнгээ өгч байгаа, мөн 200 гаруй мянган ажлын байрыг алдалгүй хадгалж үлдэж чадсан гэсэн судалгаа дүгнэлтийг хэлж байгаа юм. Ингэснээр эдийн засгийг сэргээх гол зорилгодоо хүрч байгаа гэж үзэж байгаа юм.


Эдийн засгийн нөхцөл байдлыг хэвийн хэмжээнд тогтвортой байлгахын тулд хамгийн түрүүнд иргэдийг ажилтай, тогтмол орлоготой байхад анхаарах нь нэгдүгээрт тавигдах гол асуудал байдаг. Цар тахлаас үүдэлтэйгээр ажлын байрны тоо цөөрөх, аж ахуйн нэгжүүд хаалгаа барих хандлага бий болсон. Энэ байдал нь тэртэй тэргүй сул эдийн засагт асар их дарамт болж ирэх учраас аж ахуйн нэгжүүд, бизнесийн байгууллагуудаа ямар нэг аргаар дэмжиж босгох, цар тахлын дараах үед сөхрүүлэхгүй байхад Засгийн Газраас анхаарах нь зайлшгүй шаардлага болж байгаа. Энэ ч утгаараа Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх" 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлснээс хойш хагас жил орчмын хугацаа өнгөрч байна.


Өнгөрсөн долдугаар сарын байдлаар хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 3,2 их наядын зээл олгогдоод байгаа юм. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан бага хүүтэй зээл олгох, залуучуудыг дэмжих, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, малчдын орлого амьжиргааг дэмжих, хөдөө аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлэх зэргээр хэрэгжиж буй энэ арга хэмжээг эдийн засагчид олон талаас нь дүгнэж байна. Тухайлбал, нэг хоёр удаагийн мөнгөн дэмжлэгээс илүү энэ мэт дорвитой алхмууд хийх зүй ёсны шаардлага байсан гэж үзэх тал байхад, төлөвлөөгүй хүнд байдалд орсон эдийн засагт их хэмжээний мөнгөн урсгалыг зээл хэлбэрээр оруулах нь хор уршиг дагуулна гэж үзэх нь ч байгаа юм. 


Эдийн засаг, эрүүл мэнд хоёрыг ижил түвшинд анхаарч хамгаалахад бүх бололцоогоо дайчилж, энэ хөтөлбөрийг үр дүнд хүргэхэд зорьж байгаа ч эхэлсэн ажлуудыг эцсийн байдлаар дүгнэхэд эрт байна. Ямартаа ч энэ цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр цар тахлыг эдийн засгийн хохирол багатай даван туулж ковидын өмнөх үеийн эдийн засгийн макро үзүүлэлтүүдэд хүрч очих нь чухал.


Юуны түрүүнд жижиг дунд бизнесүүд, өрхийн үйлдвэрлэгчид, жижиг бизнес эрхлэгч, ажил олгогч аж ахуйн нэгжүүд хаалгаа барихгүй байхад хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа бага хүүтэй зээл цагаа олсон дэмжлэг болж байгааг зээлдэгчид хэлж байна. Эргэлтийн хөрөнгө нь тасалдаж, цалин түрээсээ дийлэхээ больсон маш олон аж ахуйн нэгжид энэ хөтөлбөрийн зээл амь залгуулав.


Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээлд хоёр их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн ч энэ зээлийг хүсэгчдийн нийт дүн нь түүнээс хэд дахин илүү гарснаас үүдэн гурван их наяд болгож эх үүсвэрийг нэмсэн. Нэг үгээр хэлэхэд, энэ зээлийн эрэлт хэрэгцээ их байгаа гэсэн үг. Хамгийн гол нь энэхүү төлөвлөгөөт зээл нь инфляци өсгөхгүй байх, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлж чадсан байх ёстойг Засгийн Газрын зүгээс ,ч эдийн засагчдын зүгээс ч анхааруулж байгаа юм.


Энэ хөтөлбөр цар тахлын нөлөөгөөр дор орчихсон байгаа эдийн засгийг өндийлгөхөд хэрэг болж буй ч үнэ өсгөж, ялангуяа барилгын салбарт үнийн хөөрөгдөл бий болгосон, хөнгөлөлттэй зээлийн урсгал ихээр орж ирсэн нь иргэдэд илүү дарамт болж байгаа гэсэн шүүмжлэл бас дагуулж байгаа. Харин зарим эдийн засагч, манай улсын эдийн засаг тэртэй тэргүй ковидоос өмнө ч сайнгүй байсан, угаасаа мөнгөний урсгал дутагдаж байсан үед хэрэгжиж байгаа учир аюул учруулах хэмжээний зүйл биш хэмээн тайлбарлаж байгаа билээ.


Монгол Улсын нэг жилийн төсвөөс ч илүү хэмжээний энэхүү цогц төлөвлөгөө хөтөлбөр хэрэгжих явцад зээлийг зориулалт бусаар зарцуулах, эрх мэдлийн хүрээний гажуудал гарахгүй гэх баталгаа байхгүй гэж олон нийт хардах тал бий. Гэхдээ энэ зээлийг банкны эх үүсвэр дээр тулгуурлаж, банк өөрөө шийдвэр гаргах замаар олгож байна. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцох зургаан арилжааны банк нь чанаргүй зээлийн түүхгүй, сайн зээлдэгчдэд өгөх гэх мэтээр бизнесийн зээл олгодог шалгуур зарчмуудаа баримтлан олгох учир эрсдэл харьцангуй бага гэж үзэж байгаа юм. Монгол Улсын хувьд санхүүгийн системийн 80 гаруй хувийг банкны систем дангаараа бүрдүүлж яваа, алслагдмал хөдөө орон нутагт ч хариуцан хэрэгжүүлэх боломжтой гэдэг утгаараа энэ хөтөлбөр банкууд дээр түшиглэсэн.


Ер нь банкууд дээр байгаа сул чөлөөтэй төгрөгийг зах зээл рүү оруулах шаардлага, мөн цар тахлын үеийн хэрэгцээ шаардлага хоёр нийцэж байгаа гэж хэлж болно. Зээлдэгчийн зээлийн эрсдэлийг төр батлан даалтын сангаараа дамжуулан эрсдэл хуваалцаж явах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн учир зээлийн батлан даалт, зээлийн даатгалын тогтолцоог ашиглаж байгаа. Мөн түүнчлэн мөнгөний нийлүүлэлтийн хэм хэмжээг зохистой хэмжээнд баримтлан, судалгаа тооцоог гаргаж, төв банктай зөвлөлдөж байж хийсэн ажил гэж хэлж байгаа.


Ковидын улмаас нөхцөл байдал тодорхойгүй, ирээдүйг урьдчилан тооцоолох боломжгүй болсон, эдийн засгийн эрсдэл ихтэй цаг үе учраас банкууд зээл гаргах сонирхолгүй болсон байсан. Яг ийм мөнгөний эргэлт дутагдаж байсан үед арван их наядын төлөвлөгөө эдийн засагт цус сэлбэлт болсон гэж үзэж бас болно. Олон аж ахуйн нэгжид бизнесээ үргэлжлүүлэх, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, төлбөрийн чадвараа сайжруулахад хэрэг болж буй, хэрэгжилт нь эхний шатандаа яваа төлөвлөгөөний сайн, муу үр дүнг эцэслэж дүгнэхэд эрт байна.

Холбоотой мэдээ