Монголын баг тамирчдыг “Ханжоу-2022” Азийн наадамд урьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-19 13:10:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Ханжоу-2022” Азийн наадмыг зохион байгуулах хорооноос тус наадамд оролцох албан ёсны урилгыг МҮОХ-нд ирүүлжээ. Ингэснээр Монголын баг тамирчид ирэх оны Азийн наадамд оролцох эрх албан ёсоор үүсэж байгаа юм.


Азийн XIX наадам ирэх 2022 оны есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болно. Азийн олимпын зөвлөлийн ивээл дор явагддаг Азийн наадам нь 1951 оноос эхлэн дөрвөн жил тутам зохион байгуулагдсаар ирсэн юм. 


БНХАУ-ын баруун хойд зүгт оршдог 10 сая хүн амтай тус хот 2015 онд Азийн наадам зохион байгуулах эрхээ авсан ба энэ удаагийн наадамд Азийн олимпын зөвлөлийн гишүүн 45 орон оролцоно. Тамирчид 40 спортын төрөлд 482 багц медалийн төлөө өрсөлдөнө. Энэ жил электрон спорт, бүжгийн спорт (break dance) наадмын хөтөлбөрт анх удаа багтсанаараа онцлог юм.




Монголын баг тамирчдын хувьд анх 1974 оны Азийн наадамд оролцож байв. Хамгийн сүүлд 2018 оны Азийн наадамд 31 спортоор 269 тамирчны бүрэлдэхүүнтэй орж, 4 алт, 9 мөнгө, 11 хүрэл, нийт 24 медаль хүртэж байв. Улмаар багийн дүнгээр 17-р байрт жагссан билээ.



Холбоотой мэдээ