Бусдын сайн сайхны төлөө явж байгаад амиа алдсан хүмүүнлэгийн ажилтнуудыг мартах учиргүйг санууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-08-22 21:53:40

Увс /МОНЦАМЭ/. Дэлхийн хүмүүнлэгийн өдрөөр буюу энэ сарын 19-ны өдөр Увс аймгийн Малчин суманд нэгэн томоохон үйл явдал болж өнгөрлөө. Тодруулбал, одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Малчин сумын нутаг “Харгайн зуух” хэмээх газарт МИ-8 нисдэг тэрэг сүйрч, хүмүүнлэгийн ажлаар явсан гадаад дотоодын есөн хүний эрдэнэт амь нас эрсдэж, багийн гишүүн цөөн хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан хар өдөр тохиосон юм. Эдгээр хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг Монгол дахь НҮБ-ын баг хамт олон санаачлан, Увс аймгийн ЗДТГ болон Малчин сумтай хамтран ослын газар дээрх дурсгалын хөшөөн дээр зохион байгууллаа.

  -Түүх сөхвөл:

   Тухайн цаг үед Монгол орны нутаг дэвсгэрийн 80-90 хувьд нь цасан бүрхүүл тогтож, цасны зузаан өвдгийн үеэр татан, хүйтний эрч 40-50 хэм хүрч хүйтэрч байсан гэдэг. Үүнээс үүдэн сум, аймгуудад холбоо тасарч, зам даваа хаагдан машин унаа явах боломжгүй болж, зудын байдал нүүрлэн мал олноор үрэгдэж, малчид амь насаа алдах эрсдэл үүссэн байдаг. Энэ хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас НҮБ-д хандаж тусламж хүссэн байна. НҮБ-ын зүгээс Монгол оронд тохиолддог зудыг гамшиг гэж үздэггүй байсан тул тусламж дэмжлэг үзүүлдэггүй байжээ. Гэвч нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэхийн тулд шинжээчдийн багаа 2001 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр манай улсад ирүүлжээ. Ингээд гамшгийн багийн бүрэлдэхүүн 1 дүгээр сарын 12-ны өдөр Архангай, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн хүндрэлтэй байгаа 14 суманд холбоо тасарсан малчдын хотонд буулт хийх, цагийн байдлыг газар дээр нь судалж үзэх үүрэгтэй ниссэн байна. НҮБ-ын шинжээчдийн багийн ахлагчаар Герман бүсгүй Сабина, Монголын талаас УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг нар ахлан явжээ. Тэд 1 дүгээр сарын 14-ний өдөр Улаангомоос хөөрч, Малчин сумаас 15 км-ын зайтай Баянхайрхан уулын урд энгэрт орших Харгайн зуух гэх газарт малчин Б.Зандангийн өвөлжөөнд буух гэж байгаад осолдсон харамсалтай явдал болжээ.

Энэ ослын улмаас:

1.             Ш.Отгонбилэг – УИХ-ын гишүүн (Монгол),

2.             Хатагтай Сабин Мецнер-Страк – НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалт (UNDAC) багийн ахлагч, НҮБ-ын Хүмүүнлэгийн Үйл Хэргийг Зохицуулах Газар (OCHA)-ын Ази, Номхон далай дахь Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга (Герман),

3.             Ноён Жерард Ле Клэр – UNDAC багийн гишүүн, Их Британий Жерси муж дахь Төлөвлөлт ба Байгаль орчны хэлтсийн Байгаль орчны үйлчилгээний захирал (Британи),

4.             Ноён Мэттью Гирвин – НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь хөтөлбөрийн ажилтан (АНУ),

5.             Б.Баярмаа – Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн хөтөлбөрийн ажилтан (Монгол),

6.             Ноён Такахиро Като – NHK телевизийн сурвалжлагч (Япон),

7.             Ноён Минору Масаки – NHK телевизийн зураглаач (Япон),

8.             Ноён Ц.Батзориг – "Гамма" агентлагийн гэрэл зурагчин (Монгол),

9.             Ноён Д.Отгон – Нисдэг тэрэгний техникч (Монгол) нар амь эрсдэж, аав ээж, алаг үрс, хань ижил, хамт олон, эх нутагтаа үүрд эргэж очоогүй, уй гашуу тохиосон юм.

   -Бид мартахгүй:

  Бусдын сайн сайхны төлөө явж байгаад амиа алдсан хүмүүнлэгийн ажилтнуудыг үеийн үед дурсаж, мартах учиргүйг сануулсан энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Малчин сумын удирдлага, НҮБ-ын Хүн Амын Сангийн тэргүүн Каори Ишикава, НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар Суурин төлөөлөгч Спэсиос Хакизимана нар оролцлоо. Мөн уг ослоор амиа алдсан НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Б.Баярмаа агсны аав ээж, дүү нар болон хань Б.Бямбадалай нар оролцсон юм.

  НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хүндэтгэлийн арга хэмжээг нээж үг хэлэхийнхээ өмнө дурсгалын хөшөөний гэрэлт самбарт гүн хүндэтгэлтэйгээр мөргөж, адис авсныхаа дараагаар Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг уурын ган зуд, ой хээрийн түймэр, үер усны аюул зэрэг гамшигт үзэгдлийн эрч давтамж нэмэгдэж байгаа энэ үед аливаа гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах нь нэн чухал гэдгийг онцлон хэлсэн юм.

   Түүний дараагаар НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Б.Баярмаа агсны хань Б.Бямбадалай хайрт ханийгаа дурсан үг хэлсэн юм. Тэрбээр: “Миний хань Батчулууны Баярмаа нь тэртээ 20 жилийн өмнө 2001 оны 1-р сарын 14-ний өвлийн тэсгим хүйтнээр зудад нэрвэгдсэн малчин түмэндээ туслах албан үүргээ биелүүлж яваад бусад найман нөхдийнхөө хамт нисдэг тэрэгний осолд орж алтан амиа алдсан билээ. Баярмаагаа алдсан манай гэр бүл, найз нөхөд, ялангуяа надад болон миний хоёр жаахан охин, аав ээж, ах дүү нарт асар хүнд зовлон ирсэн юм. Баярмаа маань амьдралын асар баяр баясгалантай, хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй, тусч, чадварлаг, хүний бүх сайны илэрхийлэл болсон, ойр орчиндоо гэрэл цацруулж байдаг, хүмүүсийн хайрыг булаасан, гайхамшигтай сайхан бүсгүй байсан юм.

   Баярмаа минь амьдралын сайн хань, халамжит ээж, аав ээжийн хайртай охин, үлгэр дуурайлал болсон эгч байсан юм. Хань наддаа болон хоёр жаахан охиндоо, аав ээждээ юугаар ч орлуулашгүй халамжийг үзүүлдэг байлаа. Баярмаагаа алдсанаас хойш түүнийгээ санаж шаналсан аав ээжийнх нь, охидуудынх нь, хань миний болон ах эгч, дүү нарын уй гашууг үгээр илэрхийлэхийн аргагүй билээ. Гэвч амьдралын зовлон шаналалд шантралгүй ажил хөдөлмөрөө гүйцэтгэн үр хүүхдээ өгөн хүмүүжүүлж, өдий зэрэгтэй яваадаа бид бүхэн бахархаж байна.

  Ээжээрээ бахархдаг охидуудынхаа өнөөгийн ололт амжилтаар манай гэр бүл асар их бахархдаг юм. Миний том охин Б.Ундрал энэ жил АНУ-ын Бостоны их сургуульд докторын цолоо амжилттай хамгаалаад одоо үргэлжлүүлэн Стэнфордын их сургуульд докторын дараах ажиллагааг хийхээр болж байна. Бага охин Б.Урандарь маань АНУ-д Жоржтауны их сургуульд мөн докторын цол горилохоор хоёр дахь жилдээ сурч байна. Хайрлан өсгөсөн хоёр охиноороо бид маш их бахархдаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидэнтэйгээ байнга хамт байж, туслаж дэмжсээр ирсэн НҮБ-ын ХАС дахь Баярмаагийнхаа ажлын газрын хамт олонд гүн талархалаа илэрхийлье” гэсэн юм.

   Баярмаа агсны хань Б.Бямбадалайгийн үгийг сонсох явцад тэрхүү гунигт явдал нүдэнд харагдах шиг болж, хоёр нүдний нулимс хацар даган бөмбөрч байв. Сэхээ аваад харах нээ ширээний нөгөө өнцөгт өөдөөс харан суух орчуулагч бүсгүй ч мөн адил урсгаж суулаа. Гэрэлт хөшөөний өөдөөс харан суух хүндэтгэлийн арга хэмжээнд оролцогчид ч мөн адил нүдэндээ нулимастай харагдана. Гэртээ эргэж очоогүй тэр есөн хүний үр хүүхэд, хань ижил, аав ээж, гэр бүлийнхэн нь тэрхүү уй гашууг хэрхэн даван туулсан бол гэж бодохоос өр өвдөх шиг боллоо.

   Уг арга хэмжээнд оролцогчид ээлж, дараатай үг хэлсний дараагаар 2001 оны зудын гамшиг нүүрлэсэн жил малчдад туслахаар яваад алтан амиа алдсан энэрэнгүй үйлстнүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн бүгдээрээ босч нэг минут дуугаа хураан хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн гэрэлт хөшөөнд нь амьд цэцгийн баглаа өргөж, үеийн үед дурсан санах болно гэдгээ илэрхийллээ. Дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх явцад оролцогчдын ихэнх мөн л сэмхэн нулимсаа арчих нь сэтгэлд эрхгүй гуниг төрүүлнэ.

   Хүний нутагт, хөр их цасан дунд, өвлийн тэсгим хүйтнээр өөрсдөө ч дулаан зузаан хувцасгүй атлаа, гамшигт өртсөн малчдад туслахын төлөө албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн тэрхүү гайхамшигт хүмүүсийг бид хэзээ ч мартах учиргүй билээ.

   Ингээд хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон зарим хүмүүсийн яриаг уншигч та бүхэндээ сийрүүлэн хүргэе.

-Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд:

   “Цаашдаа ийм эмгэнэлгүй, гамшиггүй ирээдүйг бүтээхийн төлөө ярилцахаар, сэтгэл санаагаа зориулахаар ирсэн бүх хүмүүстээ баярлаж байна. Ялангуяа Б.Баярмаагийнхаа аав ээж, хань ижил, ах дүү хамаатнууд, найз нөхөд, ажлын хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Мөн УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг болон бусад амь эрсэдсэн хүмүүсийн гэр бүл, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Хүмүүнлэгийн ажил бол Дэлхий нийтийн өмнө байдаг хамгийн ариун үйлс юм. Хаана гамшиг байна, хаана ямар бэрхшээл, асуудал байна тэр бүхнийг бүгдээрээ нийлж эрсдлийг даван туулж, тэр бүхний цаана аль болох хохирол багатай гарахын төлөө явдаг. Иймээс дахин хэзээ ч ийм гамшиг осол гаргахгүйн төлөө төр засаг, ард иргэд болон бүх талууд хамтран ажиллах нь чухал юм.

   Энэ ажлыг санаачлан зохион байгуулсан НҮБ-ын нийт хамт олонд болон энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ баярласан, талархсанаа илэрхийлж байна.

   НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаас өргөн бүрэлдэхүүнтэй баг Увс аймагт ирж ажиллаж байгаа бас нэг зорилго нь сүүлийн таван жилд хүмүүнлэгийн чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнтэй танилцах, ирэх таван жилийн ажлын стратеги төлөвлөгөө боловсруулах талаар судалгаа хийж байгаагаараа үр дүнтэй, ач холбогдолтой ажил болж байна” хэмээн онцоллоо.

-НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра:

   “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр бол бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулан, ялангуяа байгалийн гамшиг, осол, дайн дажинд нэрвэгдсэн хүмүүст тусладаг хүмүүнлэгийн ажилчдын гавьяаг үнэлэх, алдаршуулах, эргэн дурсах өдөр юм. Бусдад итгэл найдвар бэлэглэж яваад халуун амиа өгсөн олон хүн бий. 2021 оны хувьд 72 хүн амь насаа алдсан гэсэн тоон судалгаа байна. Би Монгол Улсад ирж ажиллахаас өмнө Хойд Солонгос улсад суурин зохицуулагчаар ажиллаж байсан.

   Хүмүүнлэгийн ажлын тухай товч өгүүлбэл гамшигт үзэгдлээс болж хүмүүс амь насаа алдах тохиолдол их байдаг. Мөн хүмүүсийн хоорондын зөрчил, буруутай үйл ажиллагаанаас үүдэн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох үед эрсдэлт бүлэгт хүрч ажиллах, халуун гараа сунгахад хүмүүнлэг үйлс оршиж байна.

   Өнөөдөр бидний тэмдэглэж буй өдрийн утга учир бол хаана эрдэнэт хүний амь нас эрсдэх аюул байна, түүнд хүрч ажиллаж байгаа хүмүүнлэгийн ажилчдын баярын өдөр төдийгүй, амь үрэгдсэн нэгнээ эргэн дурсаж байна. Энэ ч утгаараа НҮБ-ын ажилчдын хувьд хүмүүнлэгийн ажлын нэгээхэн хэсэг байдгаараа бахархаж явдаг. Монгол оронд тохиолддог зудын гамшгийн үед мал олноор хорогдохын дээр хүний эрүүл мэнд, амьдрах орчинд олон сөрөг үр дагаврыг учруулдаг.

   Тэртээ 20 жилийн өмнө Увс аймгийн Малчин сумын нутагт болсон нисдэг тэрэгний ослоор НҮБ-ын ажилтан Б.Баярмаа тэргүүтэй НҮБ-ын байгууллагын ажилтнуудаас гадна УИХ-ын гишүүн, Японы NHK телевизийн сурвалжлагч нарын 9 хүн амь насаа алдсан билээ. Тэд зудад нэрвэгдсэн малчдад туслаж яваад халуун амиа алдсан нь үнэхээр харамсалтай. Үүнээс сургамж аваад бид аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах зэргээр эрсдлийг хохирол багатай даван туулах чиглэлээр Монгол улсын Засгийн газар болон Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллаж байна.

Дэлхийн хүмүүнлэгийн өдөр бидэнтэй хамт энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байгаа Увс аймгийн Засаг дарга, Малчин сумын удирдлага, иргэдэд талархал илэрхийлье. Хамтдаа гамшиг, ослоос урьдчилан сэргийлэхэд хамтарч ажиллаж, ирээдүйн сайн сайхан амьдралыг бий болгохын төлөө хичээцгээе. Эцэст нь хүмүүнлэгийн ажилд өөрийгөө золиосолсон хүмүүсийнхээ золиосыг мартаж, дурсахгүй орхиж болохгүй учраас энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгааг дахин хэлье. Баярлалаа” гэсэн юм.

-ОБЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар:

   “Одоогийн ОБЕГ буюу тэр үеийн Иргэний Хамгаалалтын Ерөнхий Газраас ИХГ-ын дэд дарга, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Ч.Тогоо, Байгалийн гамшигтай тэмцэх албаны ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Намсрай нар ажлын хэсгийн багт оролцон явсан байдаг.

   НҮБ-ын гамшгийн жагсаалтад Монгол оронд тохиолддог зудыг бүртгээгүй байсан тул хүмүүнлэгийн тусламж дэмжлэгээ үзүүлддэггүй байсан. Иймээс Монгол Улсын Засгийн газраас НҮБ-д албан ёсоор хандаж, тусламж хүссэний дагуу зудын үнэлгээ хийх баг ирсэн. Харамсалтай нь зудын үнэлгээний баг үүргээ гүйцэтгэж яваад Увс аймгийн Малчин суманд осолдсон. Гэхдээ тэдний хийсэн зудын үнэлгээ үр дүнд хүрсэн. Зуд гэдгийг НҮБ гамшиг мөн юм гэдгийг тодорхойлж, жагсаалтдаа оруулсан. Ингэснээр Монгол Улс НҮБ болон ОУБ-аас тусламж дэмжлэг авах эрх нь нээгдсэн юм” хэмээлээ.

-НҮБ-ын Хүн Амын Сангийн тэргүүн Каори Ишикава:

   “НҮБ-ын Хүн амны сан нь байгалийн гамшигт үзэгдэл болон аливаа осол гэмтлийн үед жирэмсэн эмэгтэйчүүд, охид хүүхдүүд, эмэгтэйчүүдэд дэмжлэг тусламж үзүүлдэг. Зуд, дайн сөргөлдөөний үед ч эмэгтэйчүүдийн жирэмслэлт тасралтгүй явагддаг. Тухайлбал зудын гамшгийн үед алслагдсан хөдөөгийн малчид зам, даваа хаагдсаны улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байдал үүсдэг. Гэтэл малчин өрхүүдэд нялх хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж нэн хэрэгцээтэй байдаг. Иймд хүмүүнлэгийн тусламж зайлшгүй хүрэх шаардлагатай хүн амын бүлэгт халуун гараа сунгах, эд материал, эрүүл мэнд, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байна. Мөн аливаа гамшгийн үед охид, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй тул хүмүүнлэгийн тусамжаас гадна хүчирхийллээс хамгаалахад онцгойлон анхаардаг. Манай байгууллага хүн ам зүйн мэдээллийг тодорхой болгохын тулд Үндэсний статистикийн хороотой хамтран хүмүүнлэгийн тусламжийг хаана хүргэх, хэнд хүргэх талаарх мэдээлэлд үндэслэн шаардлагатай хөрөнгийн нөөцийг хуваарилан ажиллаж байна.

   Хорин жилийн өмнөх нисдэг тэрэгний ослоор амь насаа алдсан Доктор Б.Баярмаатай би биечлэн уулзаж байгаагүй ч хамт ажиллаж байсан суурин төлөөлөгчтэй нь уулзаж ярилцаж байлаа. Тэр хэлэхдээ “Баярмаа бол хөдөлмөрч, мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг, хамт ажилладаг хүмүүстээ санаа тавьдаг, үргэлж инээмсэглэж явдаг хүн байсан” гэж дурсаж байсан. Энэ тухай түүний хань нь “Гэр бүлдээ анхаарал тавьдаг, халамжтай эмэгтэй” байсан тухай сайхан дурсамжийг сонсоход таатай байлаа” гэв.

-НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар Суурин төлөөлөгч Спэсиос Хакизимана:

   “Би энэ нутагт ирэхдээ тэртээ 20 жилийн өмнө болсон нисдэг тэрэгний ослоор амь эрсэдсэн хүмүүнлэгийн ажилчдаа эргэн дурсах энэхүү арга хэмжээнд олон хүн оролцоно гэдэгт итгэлтэй байсан. Энэ хэрээр орон нутгийн удирдлага, ард иргэд өргөнөөр хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлж байна. Хамгийн гол нь нийтээрээ тэр уй гашуутай үйл явдлыг сэтгэл зүрхэндээ ойрхон хүлээж авч байгааг мэдрэх хүндэтгэлтэй сайхан санагдлаа. Ямар ч улс оронд бусдын амийг аврах гэж яваад өөрөө амь насаа алдана гэдэг бол үнэхээр харамсалтай.

   Энэ ташрамд нэг зүйлийг хэлэхийг хүсэж байна. Өмнө нь НҮБ-аас зудыг гамшиг осолд тооцдоггүй байсан бол 20 жилийн өмнөх хүмүүнлэг үйлстнүүдийн зорьсон ажлын үр дүнгээр зудыг гамшиг осолд тооцож, хүмүүнлэгийн тусламж олгох боломж нээгдсэн нь үнэхээр бахархалтай үйл хэрэг байлаа.

   Эцэст нь орон нутгийн удирдлагууд, ард иргэд эдгээр хүмүүсийн хийсэн үйл хэргийг мартаагүй, хөшөө дурсгалыг нь босгон, хамгаалсаар ирсэнд баярлалаа гэж хэлье” гэлээ.

-Малчин сумын Засаг дарга Б.Бумцэнд:

    “Одоогоос 20 жилийн өмнө Малчин сумын нутагт нисдэг тэрэгний ослын улмаас 9 хүний эрдэнэт амь эрсэдсэн харамсалтай явдал болсон байдаг.  Эдгээр хүмүүс Малчин сумын зудын нөхцөл байдлыг судлах, цаашид ямар дэмжлэг хүргэвэл малчин ардын амьдрал сайн сайхан болох тухай үнэлгээг хийж явсан. Мөн чанартаа малчин ардын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг зудын эрсдэлээс хамгаалах, малчдын эрүүл мэндийн төлөө санаа зовниж явсан юм.

    Өнгөрсөн он жилүүдэд манай сумын ард иргэд тэр хүмүүнлэг иргэдийн гавьяаг мартаагүйн дээр, гэрэлт хөшөөг нь хамгаалахад анхаарал хандуулж ирсэн. Дэлхийн хүмүүнлэгийн өдрөөр тэднийг эргэн дурсах хүндэтгэл үзүүлэх ажилд аймгийн ЗДТГ-тай хамтран сум, орон нутгийн зүгээс санаачилгатай оролцож байна. Нутгийн иргэд маань ч халуун дулаан сэтгэлээр оролцож байгааг хэлэх нь зүйтэй байх” гэсэн юм.

 

-Дэлхийн хүмүүнлэгийн өдрийн тухайд:

    2003 оны 8-р сарын 19-ны өдөр Иракийн Багдад хотын Канал зочид буудалд бөмбөг дэлбэлсний улмаас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Ирак дахь тусгай төлөөлөгч Сержио Виейра де Мелло зэрэг хүмүүнлэгийн тусламжийн 22 ажилтан амь насаа алдсан эмгэнэлт үйл явал болжээ. Иймээс жил бүрийн 8-р сарын 19-ны өдөр дэлхийн нийтээрээ хүмүүнлэгийн үйлстнүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор тэмдэглэж, эргэн дурсдаг болсон байна. НҮБ-ын мэдээлснээр, зөвхөн 2020 он гэхэд хүмүүнлэгийн ажилтнуудаас 475 хүн халдлагад өртөж, 108 хүн амиа алдаж, 242 хүн шархдаж, 125 хүн барьцаалагдаж хулгайлагдсан байна.

   Одоогоос 20 жилийн өмнө бусдын сайн сайхны төлөө явж байгаад амь эрсэдсэн ажилтнуудаа НҮБ ийнхүү эргэн дурсаж, тэдний бүтээсэн үйл хэргийг ирээдүй хойч үе маань мартах ёсгүй гэдгийг санууллаа.

   Төгсгөлд нь:

   Малчин сумын нутаг Харгайн зуух хэмээх газарт болсон энэхүү эмгэнэлт үйл явдлыг монголчууд мартаагүй бөгөөд ирээдүй хойч үе маань ч мартахгүй байж, эргэн дурсаж явах биз ээ.

   Цар тахал тархсан энэ хүнд цаг үед Монгол дахь НҮБ-ын баг хамт олон уг эмгэнэлт үйл явдлаар амиа алдагсдын гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг алс хязгаар Увс аймагт, тэр дундаа бартаатай замыг туулан байж ослын газар дээр нь очиж зохион байгуулсан нь талархалтай байлаа. Мөн уг арга хэмжээг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан сум орон нутагтаа амжилттай зохион байгуулж, гадаад дотоодын хүндтэй зочид гийчдийг хүндэтгэн хүлээн авсан Б.Бумцэнд Засаг даргатай Малчин сумын ЗДТГ-ын хамт олон, ард иргэдэд баярлаж талархсанаа илэрийлье.

   Уудам Монгол оронд минь зуд зурхан, гай гамшиг бүү нүүрлэг. Эх дэлхий минь аюул осолгүй, өвчин зовлонгүй, хүн төрөлхтөн энх тунх, амар тайван байх болтугай.

Холбоотой мэдээ