Элчин сайд Х.Кобаяши "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-08-31 11:30:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши ЗТХ-ийн сайд Л.Халтарын хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод зочлов. Тэрээр "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн зэсийн уурхай, зэс баяжуулах үйлдвэр болон "Эрдмийн сан" сургууль, "Медипас" эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.


"Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн удирдлагатай уулзах үеэр ерөнхий захирал Х.Бадамсүрэн "Эрдэнэт" үйлдвэрийн нийгмийн үүрэг хариуцлага болон цаашдын төлөвлөгөөний талаар ноён Элчин сайдад танилцуулж Япон улсын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.




Эрдэнэт хотод болсон уулзалтын үеэр "Эрдмийн сан" сургуулийн захирал Г.Өлзийбаяр Японы Ойта мужийн Янагигаүра ахлах сургуультай байгуулсан хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг хүсэж байгаагаа Элчин сайдад уламжлав. Мөн Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал болон ИТХ-ын дарга Д.Мөнхбат нар Япон улсын тусламжаар тус аймагт ЕБС барьж байгуулсанд талархлаа илэрхийлсэн бөгөөд Япон улс болон Орхон аймгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсэж байгаагаа тэмдэглэв.

Харин "Медипас" эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Туул тус эмнэлгийн барилга байгууламж, үйл ажиллагаа болон бүсийн томоохон эмнэлгийн үүрэг гүйцэтгэж буй талаар танилцууллаа.






Холбоотой мэдээ