“Mongolia Mining-2021”-д 200 ААН оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2021-08-31 16:55:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, газрын тосны “Mongolia Mining-2021” олон улсын үзэсгэлэн 9 дүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" цогцолборт болно.

Уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг тус үзэсгэлэн энэ удаа 10 дахь жилдээ болох нь. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд болох Австрали, Беларусь, Казахстан, Швед, Герман, Япон, ОХУ болон Канадын компаниуд багтсан 200 гаруй ААН оролцох талаар зохион байгуулагчид мэдээллээ. Үзэсгэлэнг цар тахлын нөхцөлд тохируулан халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулж ажиллахаар УОК-оос зөвшөөрөл аваад байгаа аж. 




Уламжлал ёсоор үзэсгэлэнг зорин ирсэн хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч, зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төр, засгийн бодлогын хэлэлцүүлэг явагдаж, компаниудын төлөөлөгч нар илтгэл тавьдаг.  “Mongolia Mining”-гийн ерөнхий ивээн тэтгэгчээр энэ удаа “Трансвест Монголиа”, “Гранд Майнинг Экюпмент”, алтан ивээн тэтгэгчээр "Жиндиншин", мөнгөн ивээн тэтгэгчээр "Цбон", "Юнайтед Белаз Машинери" компаниуд ажиллаж буй бөгөөд талбай дүүргэлт 80 хувьтай байгааг зохион байгуулагчид мэдээлэв. 




Холбоотой мэдээ