Цар тахлын эрсдэлтэй үед хүүхдүүд дасгал хөдөлгөөн хийх нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-03 14:18:03

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 50 орчим хувь нь харшилтай хүүхдүүд байна.

-Эцэг эхчүүд харшилтай хүүхдүүдийг ямар үед харшил нь хөдөлж байгааг анзаарах хэрэгтэй. Харшил ил, далд илрэлтэй байж болно. Шалтгаан нь стресс, хүүхдийн өөрийн онцлог, дархлаа суларсан, амьдралын хэв маяг нөлөөлж байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой хэд хэдэн зөвлөгөөг хүргэмээр байна. Ялангуяа сургуулийн хүүхдүүдэд дэндүү их ачаалал өгч байна. Эрт унтуулж, зөв дэглэмд сургах хэрэгтэй. Хоёрдугаарт цар тахлын үед хүүхдүүдийнхээ хооллолтод илүү анхаарах шаардлагатай байна. Сургуулиудад үдийн цай гээд өдөрт нэг удаа хоол өгдөг. Харшилтай хүүхдүүдэд ямар хоол өгөх. Жингийн илүүдэлтэй хүүхдүүдийг хэдэн цагт хооллох зэргээр хүүхдийг зөв дадалд оруулах. Гээд сургуулиудын эмч, хоол зүйч нар, сургууль дээр зохицуулалт хиймээр санагддаг. Дээр үед сургуульд өглөөний дасгал хийдэг байлаа. Энэ бүх дадал үгүй болжээ. Тэгвэл одоо цар тахлын эрсдэлтэй, сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа яг энэ үед дасгал хөдөлгөөн хийх нь хүүхдүүдэд хамгийн чухал юм. Таргалалт бол олон өвчний эх үүсвэр. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд чихрийн шижин өвчин, даралт ихсэх, бөөрний дутагдалд орж байна. Бидний амьдралын хэмнэлээс болоод өвчний бүтэц хүртэл өөрчлөгдөх хандлага ажиглагдаж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ зөв, тохирсон хоол хүнсийг сонгож, хэрэглүүлж сургах, дархлааг нь дэмжих хүнсийг тогтмол хэрэглүүлэх нь өвдөхгүй байхад том суурь болж өгнө гэж аймгийн Хүүхдийн тасгийн их эмч Х.Амаржаргал хэлэв. 



Холбоотой мэдээ