Энэтхэгт фермерийн аж ахуй эрхлэгчид жагсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШИНЭ ДЕЛИ. /BBC/.
Энэтхэгийн Уттар-Прадеш мужид фермерийн
аж ахуй эрхлэгч олон арван мянган иргэн хөдөө аж ахуйн шинэ хуулийг эсэргүүцэн
жагсжээ.
Жагсаалд хагас
сая гаруй хүн оролцсон гэж орон нутгийн цагдаа нар мэдээлсэн бол “AFP” агентлагийн гэрэл зурагчны мэдээлснээр, наад
зах нь 50 мянган фермер болон тэднийг дэмжигчид оролцсон байна.
Фермерүүдийн хувьд фермерийн аж ахуйн тухай маргаан дагуулсан хуулийг хүчингүй болгохыг эрх баригчдаас хүсэж байгаа ажээ. Зохион байгуулагчдын тодорхойлсноор, тэдний хөдөлгөөн өнгөрсөн 11 дүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойших хамгийн өргөн хүрээг хамарсан жагсаал энэ болжээ.
Энэхүү хууль нь фермерүүдийн бүтээгдэхүүнээ худалдаалахтай холбоотой дүрэм журмыг сулруулах тул тэдэнд илүү их эрх чөлөөг олгоно гэж Энэтхэгийн Засгийн газраас мэдээлж байгаа юм. Харин эсэргүүцэгчдийн хувьд эдгээр шинэтгэл нь жижиг фермер эрхлэгчдийг том корпорациудаас хамгаалахгүй орхино гэж үзэж байна.
Тийнхүү Музаффарнагар хотод ням гарагт туг далбаа барьж, өнгө өнгийн малгай өмссөн хүмүүс эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Мөн жагсагчдын удирдагчид хотын эргэн тойрны 20 км дэх бүх замыг хаана гэдгээ мэдэгдэж байжээ. Үүнтэй холбогдуулан цагдаагийн олон мянган ажилтан жагсаал болж буй газарт хүрэх гудамжнуудыг хамгаалалтад авчээ.
“Модигийн Засгийн газар фермерүүдийн эсрэг байр суурьтай байгааг харуулахын тулд бид Уттар-Прадешийн хот, суурин бүрд жагсаалаа эрчимжүүлнэ” гэж фермерүүдийн ахлагч Ракеш Тикайт хэлжээ. Мөн фермерүүд шинэ хуулийг эсэргүүцэн есдүгээр сарын 27-нд орон даяар суулт хийхийг уриалсан байна.
Сүүлийн саруудад хуулийн өөрчлөлтүүдийг эсэргүүцсэн олон мянган хүн жагсаал өрнүүлж, нийслэл Дели хотын томоохон гудамжнуудыг хаажээ. Ням гаргийн жагсаалын үеэр зохион байгуулагчид хуулийг хүчингүй болгох хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэдгээ амласан байна.