Халамжаас хөдөлмөрт шилжих шинэчлэл хийнэ

Монголын мэдээ | Тойм
uranatuya@gmail.com
2021-09-13 15:09:50

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар цар тахлыг хохирол багатай даван туулах, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа, оролцоог чухалчлах уулзалт боллоо.  Энэ сэдвийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулсан юм.

 

Монгол Улсын Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн олон арга хэмжээ үр дүнгээ өгч буй. Дэлхийн улс орнуудад ковидын нөхцөл байдал дээрдээгүй, мутацид орсон хувилбарын тархалт, дараа дараагийн давалгаа үргэлжилж байгаа энэ үед манай улс эдийн засгаа хохиролгүй авч гарах, сэргээхэд хүч анхаарлаа хандуулж байгаа. Ковидоор нас барагсдын тоо дэлхийн хэмжээнд 4.5 саяд хүрч, эзлэх хувь нь 2.1 болсон бол Монголд нас баралт 0.4 хувьтай байна. Эдийн засгийн хямрал хүчирхэг эдийн засагтай улс орнуудыг ч тойролгүй нүүрлэсэн энэ үед манайх 5.3 хувиар буурсан эдийн засгаа сэргээхэд төр хувийн хэвшлийн хамтын оролцоо, хамтын ойлголцол ихээхэн хэрэгтэй нь ойлгомжтой.




Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, эдийн засаг цар тахлын өмнөх түвшнээс 3.3 хувиар доогуур, өөрөөр хэлбэл, их наядын төлөвлөгөө, вакцинжуулалтад хүч анхаарал тавьсны сайн үр дүнг судалгаа тоо харуулах болсон. Эдгээр арга хэмжээний үр нөлөө 2021 онд Монгол Улсын эдийн засгийг 6.9 хувьд хүргэнэ гэсэн өөдрөг төсөөлөл бий болгож байна. Өнөөдрийн байдлаар нийт хүн амынхаа 65 хувийг вакцины бүрэн тунд, 134 мянган хүнийг вакцины 3-р тунд хамруулаад байгаа юм. Ташрамд дурдахад вакцинжуулалтаараа хамгийн өндөр хувьтай яваа Португал улс хүн амынхаа 79.3 хувийг, Арабын Нэгдсэн Эмират Улс 77.9 хувийг, Исланд 77 хувийг нь дархлаажуулснаараа одоогоор тэргүүлж байгаа бол Их Британи 64.2 хувь, Итали 63.6 хувьтай манай улсын ард жагсжээ.  




Дэлхийн улс орнууд эдийн засгаа сэргээхэд өөр өөрсдийн чадамж нөөц бололцоогоор хөрөнгө хүч гаргаж байгаа. Манай улс ч мөн 10 их наядын хөтөлбөрийн 3.6 тэрбум ам.доллараар 5.3 хувиар буурсан эдийн засгаа сэргээх бодлого хэрэгжүүлж байгаа билээ. Сүүлийн олон жилийн туршид үзэгдээгүй уналтад хүрээд байсан эдийн засгийг улам дор оруулахгүйг чармайсан бодлого чамгүй амжилттай яваа. Тэгвэл АНУ 6.8 их наяд доллар, ОХУ 960 тэрбум доллар, Герман Улс 180 тэрбум доллар, Малайз 8 тэрбум доллар, Казахстан 2.9 тэрбум доллар зарцуулаад байгаа аж.




Монголд Шинэ эргэлтийн бодлого буюу 1932-1940-өөд оны газар тариалан хөгжүүлэх, татварын уян хатан бодлого, хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийн дэмжих гэх мэт бодлого хэрэгжүүлсэн нь эдийн засгийн маш зөв шийдэл байсан. Үүн шиг богино хугацаанд сэргэлт авчрах шинэ цагийн ухаалаг арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлж ажиллахыг хичээж байгаагаа Ерөнхий сайд онцолсон. Улс төрийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төсвийн шинэчлэл хийх зэрэг нь цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлогын гол зорилго юм. Мөн түүнчлэн эрх зүйн орчныг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьжиргааг сайжруулж эдийн засгаа тэлнэ гэсэн зорилт дэвшүүлээд байна.


 

Манай улсын хувьд нийгмийн халамжийн сангийн зардал жилээс жилд өссөн үзүүлэлттэй явж ирсэн. Халамжийн зардал өсөх тусам төсвийн алдагдал нэмэгдэх, тэр хэрээр эдийн засагт ачаалал дарамт болдог байдлыг засаж сайжруулахад анхаарах “халамжаас хөдөлмөрт шилжих” бодлого баримталж буйг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн хэлсэн. Үүнээс гадна үеийн үед хэт том бүтэцтэй гэгдсээр ирсэн төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг цэгцтэй, боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигддаг. Үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан санхүүжилт, бүтцийн шинэчлэлт хийж цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах тухай төлөвлөгөө төсөв шинэчлэлийн нэг хэсэг нь болох юм. Өнөөдрийн байдлаар төсвөөс цалинждаг 198 мянган төрийн албан хаагч, иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9.7 мянга, төрийн өмчит компани, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 78.2 мянган албан хаагчид байдаг гэсэн тоо бий.

 


Төсвийн шинэчлэлийн хүрээнд төрийн өмчит компанийн үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн халамжаас хөдөлмөрт шилжих шинэчлэл хийхээ Ерөнхий сайд дуулгасан юм. Мөн хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх ойрын үеийн зорилт Засгийн Газарт байна. 

Холбоотой мэдээ