БНХАУ-ын Гадаад хэргийн сайд БНСУ-д айлчлахаар төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И
БНСУ-д ирэх долоо хоногийн эхээр айлчилж, хоёр талын харилцаа, БНАСАУ-ын талаар
хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж дипломат эх сурвалжууд даваа гарагт
мэдээллээ.
"Айлчлалын үеэр
Ван И Гадаад хэргийн сайд Чон Ый Ёнтой хэлэлцээ хийж, бусад төлөөлөгчидтэй
уулзана" гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ. Мөн тэрбээр Ерөнхийлөгч Мүн
Жэ Инд бараалхах аж.
Ван И ийнхүү айлчилбал
Чон Ый Ёнтой Хятадын зүүн өмнөд нутгийн Сямэнь хотод хэлэлцээ хийснээсээ хойш
таван сар орчмын дараа дахин уулзах юм. Ван И хамгийн сүүлд БНСУ-д өнгөрсөн
оны 11 дүгээр сард айлчилжээ.
БНСУ-ын хувьд зогсонги
байдалд ороод буй цөмийн хэлэлцээгээ БНАСАУ-тай үргэлжлүүлэхийн тулд Бээжингээс
дэмжлэг авахыг эрмэлэж байгаатай холбоотойгоор БНХАУ, АНУ-ын хоорондын
өрсөлдөөн эрчимжиж буйг үл харгалзан Бээжинтэй нягт харилцаагаа хадгалахыг
эрмэлзэж байгаа юм.
“Бид өндөр
түвшний хэлэлцээ хийх шаардлагатай байгаа талаар БНХАУ-ын талтай харилцан ойлголцсон
бөгөөд энэ чиглэлд хэрэгжүүлэх алхмуудын талаар нягт зөвлөлдөж байна” гэж
Гадаад хэргийн яамны нэгэн төлөөлөгч мэдээлсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл
өгөөгүй байна.
БНАСАУ өнгөрсөн сард
Сөүл, Вашингтоны хамтран явуулсан цэргийн сургуулилалтыг эсэргүүцэж буйгаа
илэрхийлэн “аюулгүй байдлын ноцтой хямралын” талаар анхааруулсны дараа
Солонгосын хойг дахь хурцадмал байдал дахин сэргээд буй энэ үед энэхүү хэлэлцээг хийх
юм.
БНХАУ-ын хувьд БНСУ, АНУ-ын цэргийн сургуулийг үр дүнтэй бус хэмээн тодорхойлоод, БНАСАУ-тай хурцадмал байдлаа даамжруулах аливаа үйлдлээс зайлсхийхийг Вашингтонд уриалжээ.
Ван И Сөүлд
айлчлах хугацаандаа Тайвань, Шинжаан тэргүүтэй бүс нутгийн голлох асуудлуудын
талаарх Бээжингийн байр суурийг мөн онцлон тэмдэглэх төлөвтэй байна.
Мөн талууд ирэх
оны хоёрдугаар сард болох Бээжингийн өвлийн Олимпын наадмыг тохиолдуулан
БНАСАУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэх шинэ боломжийг бий болгох арга замын талаар
хэлэлцэх боломжтой юм.
БНАСАУ 2018 оны
хоёрдугаар сард БНСУ-ын Пёнчан хотноо болсон өвлийн Олимпод тамирчдаа илгээсэн
нь БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарыг
анхны түүхэн дээд хэмжээний уулзалтаа хийхэд хувь нэмрээ оруулсан юм. Мөн Ким
Жөн Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй 2018 онд гурван удаа дээд хэмжээний
уулзалт хийсэн билээ.
Ван Игийн айлчлалын үеэр мөн ирэх онд БНСУ, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болох гэж буйг тохиолдуулан ард түмэн хоорондын харилцааг бэхжүүлэх хүчин чармайлтын талаар хэлэлцэх төлөвтэй байна. Хөх ордны нэгэн төлөөлөгчийн мэдээлснээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний БНСУ-д хийх айлчлалын талаар мөн хэлэлцэж магадгүй байгаа ажээ.