М.Анхцэцэг Залуучуудын ДАШТ-ээс нэг алт, хос мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТГүрж улсад болж байгаа хүндийг өргөлтийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/-ий эмэгтэйчүүдийн 75 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөсөн амжилтаар хос мөнгөн медалийн эзэн болов.
“Рио-2016” олимпийн эрх авсан М.Анхцэцэг өмнө нь дэлхийд чансааг тэргүүлэгч шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн, Ази тивийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны тамирчин болж байв.
М.Анхцэцэг 18 настай 2014 онд ДАШТ-д анх удаа оролцон огцомоор 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгарахдаа Монголын хүндийг өргөлтийн амьд домог, гавьяат тамирчин Н.Баярмаагийн эзэмшиж байсан огцом өргөлтийн амжилтыг эвдэн, улсын рекордыг шинэчилж байлаа. Тус тэмцээний дараа гарсан чансаагаар дэлхийн чансааг залуучуудад тэргүүлж, өсвөр үед аман хүзүүдэж, насанд хүрэгчдэд VI байрт бичигдсэн юм.
Хүндийг өргөлтийн спортоор найм дахь жилдээ хичээллэж буй М.Анцэцэг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын Монгол Улсын рекордыг 63 удаа шинэчлээд байна. М.Анхцэцэг 2009 онд спортын дэд мастер, дараа жил нь спортын мастер, 13-хан настайдаа буюу 2011 онд ОУХМ цолны болзол хангасан юм.
Өдгөө дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж ийнхүү амжилтаа ахиулсаар байна.
Д.Өлзий