Д.Лүндээжанцанд Японы Эзэн хааны “Мандах нар” одонгийн тэргүүн зэргийн "Сүр жавхлант тууз" одонг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-09-09 14:17:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга асан Данзангийн Лүндээжанцанд Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант Эзэн хааны "Мандах нар" одонгийн тэргүүн зэрэг "Сүр жавхлант тууз" одонг гардуулах ёслол өнөөдөр боллоо.


Япон Улсын Засгийн газраас Рэйвагийн гуравдугаар он буюу энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд одон гардуулах Япон болон гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарласан юм. Энэ үеэр Монгол, Япон хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрхэм үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үзэж, Данзангийн Лүндээжанцанд шагнал хүртээсэн. Д.Лүндээжанцан нь 1990 оны Улсын Бага Хурлаас эхлээд 30 жил парламентын гишүүнээр сонгогдож, УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргаар ажилласан билээ. Тэрбээр 2000 оноос хойш 20 жилийн турш Монгол-Японы парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж, парламентын болоод парламентын гишүүдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажилласан юм.


Шагнал гардуулах ёслолын үеэр УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, “Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Энэ түүхэн ойн босгон дээр Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант Эзэн хааны "Мандах нар" одонгийн тэргүүн зэрэг "Сүр жавхлант тууз" одонгоор шагнаж буйд талархал илэрхийлье. 1990 оноос хойш зах зээлийн шилжилтийн хүнд хэцүү цаг үед Японы Засгийн газар, ард түмний сэтгэлийн хандив тусламжаар боловсрол, эрүүд мэнд, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуй, байгаль орчин, эрчим хүчний салбарын олон салбарын асуудлыг шийдэж байсан. Мөн Японд байгалийн аюулт гамшиг нүүрлэхэд Монголын ард түмэн сэтгэлийн дэмжлэгийг үзүүлдэг. Энэ сайхан нөхөрсөг харилцааг хөгжүүлсэн хагас зуун жилийн 30 жилд нь өөрийн хувь нэмрийг оруулсандаа баяртай байна” хэмээгээд баярын мэндчилгээ илгээсэн Япон Улсын парламентын гишүүдэд талархал илэрхийлэв. 


Мөн үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Манай нэрт хуульч, туршлагатай парламентч  Д.Лүндээжанцан нь хоёр улсын парламент хоорондын болон парламентын гишүүдийн ажил хэрэгч, ойр дотно харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, парламентат ёс, ардчилсан засаглалыг бэхжүүлэхийн төлөө чин шударга хүчин зүтгэсэн төрийн түшээ хэмээн бид бахархан хүндэлдэг. Энэхүү бахархал Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Монголын ард түмний итгэлт түнш Япон Улсын энэ эрхэм дээд шагналаар баталгаажсанд баяртай байна. Бат бөх итгэлцэл, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс дээр суурилсан Монгол, Японы харилцааг цаашид бие биеэ түшиж тэтгэсэн, харилцан ашигтай хэлбэрээр улам бүр бататган бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлье. Үүнд хоёр улсын хууль тогтоох байгууллагууд урьдын адил чухал үүрэг гүйцэтгэсээр байх болно гэдэгт итгэлтэй байна.” хэмээв.


Мөн ёслолын Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант Эзэн хааны "Мандах нар" одонгийн тэргүүн зэрэг "Сүр жавхлант тууз" одонгоор шагнуулсантай холбогдуулан Д.Лүндээжанцанд Японы Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико, Японы Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ошима Тадамори, Японы Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын парламентын бүлгийн дарга Хаяаши Мото, Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Никай Тошихиро нараас баяр хүргэж, мэндчилгээ ирүүлснийг уламжлав.


Ташрамд тэмдэглэхэд, “Мандах наран”одон (旭日章, Kyokujitsu-shō) нь Мэйжигийн Эзэн Хааны үед 1875 онд бий болсон. Уг одонгоор олон улсын харилцааг хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, түүнчлэн ард иргэд, олон нийтийн тусын тулд салбар тус бүрээр онцгой амжилт гаргасан иргэдийг хавар, намар буюу жилд 2 удаа шагнадаг. "Мандах наран" одонг 1981 оноос хойш гадаад улсын иргэдэд олгож эхэлсэн бөгөөд тус одон нь 6 зэрэглэлтэй.


2021 оны хаврын “Мандах наран” одонгоор нийт 117 гадаад иргэн шагнуулснаас "Мандах наран" одонгийн дээд зэрэглэл буюу "Сүр жавхлант тууз" зэрэглэлийн одонгоор Австралийн Ерөнхий сайд асан Ж.Гиллард, Европын Холбооны Ерөнхийлөгч асан Д.Туск, Йорданы Ерөнхий сайд асан Хани Аль Мүки зэрэг гадаад улсын нийт 7 иргэнийг шагнажээ. Өмнө нь Монгол Улсаас "Мандах наран" одонгийн "Сүр жавхлант тууз" зэрэглэлийн одонгоор Ерөнхий сайд асан Д.Содном шагнуулж байсан юм.

Холбоотой мэдээ