Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 225 айлын орон сууц ашиглалтад оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-10 07:59:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 225 айлын орон сууцны барилгыг ашиглалтад орууллаа.


Төсөл хэрэгжүүлэгчээр “Бүргэд констракшн” ХХК 2019 онд шалгарч, нийт 22.2 га буюу 294 нэгж талбай бүхий газарт 3940 айлын орон сууц, 1520 хүүхдийн сургууль, 640 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Энэ дагуу эхний ээлжид 62 нэгж талбарыг чөлөөлөн, ийнхүү 225 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.


Цаашид тус хэсэгчилсэн талбайн төслийн барилга, байгууламжаас гадна оршин суугчдын амралт, чөлөөт цагаа өнгөрөөх бүс, хүүхдийн тоглоомын болон залууст зориулсан биеийн тамирын талбай, автомашины зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг, камер, ногоон байгууламжийг цогцоор нь шийднэ. Гэрээний дагуу “Бүргэд констракшн” ХХК нь уг бүтээн байгуулалтуудыг 2026 он гэхэд бүрэн дуусгах аж.


Гэр хорооллыг дахин төлөвлөнө гэдэг нь 1-2 жилийн хугацаанд бүрэн дуусах зүйл биш, төлөвлөлтөө зөв хийх нь чухал байдгийг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар дурдсан юм.


Эдгээр 225 айлын орон сууцыг барихаас өмнө тус байршилд оршин сууж байсан айлуудыг бэлэн орон сууцанд оруулан, газрыг нь чөлөөлжээ. Дараагийн ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдах 43 айлыг шинээр барьсан орон сууцанд оруулан, газрыг нь чөлөөлж, барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөснийг “Бүргэд констракшн” ХХК-ийн захирал Ч.Цогтсайхан тэмдэглэлээ.


Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар нь 2013 оноос өнөөг хүртэл төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 27 байршилд 33 төсөл хэрэгжүүлэгч шалгаруулан, 2238 нэгж талбарт газар чөлөөлж, 10.514 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.



Холбоотой мэдээ