Бангладешт барьцааны 20 хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-02 22:55:36

ДАККА. /ВВС/. Бангладешийн нийслэл Дакка хотын нэгэн кафед болсон зэвсэгт этгээдүүдийн халдлагын үеэр гадаадын иргэд голдуу 20 хүн амиа алдсан гэж тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэн мэдэгдлээ.

Зэвсэгт этгээдүүд баасан гарагийн орой “Holey Artisan Bakery” кафе руу дайран орж, олон хүнийг барьцаалсан юм. Үүнээс бараг 12 цагийн дараа цэргүүд тус кафе руу нэвтрэн барьцаалагдсан хүмүүсийг аврах ажиллагаа явуулан 13 хүнийг суллаж чаджээ.

Аюулаас хамгаалах хүчнийхэн болон зэвсэгт этгээдүүд хоорондын буудалцааны үеэр 2 цагдаа амь үрэгдэж, 30 орчим хүн шархадсан байна.

Зэвсэгт этгээдүүдийн 6-г нь устгаж, 1-ийг нь баривчилсан гэж тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

Амь үрэгдсэн хүмүүсийн дунд Италийн иргэд байжээ.

Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, амь үрэгдсэн 20 хүний 9 нь Италийн иргэн аж. Оёдлын үйлдвэрийн итали ажилчид тус кафед оройн хоол идэж байсан бололтой.

Мөн Японы албаны хүн мэдэгдэхдээ “тус кафед Японы иргэд байсан. Гэхдээ амь үрэгдсэн хүмүүсийн дунд япон хүн байсан эсэх тодорхойгүй байна” гэсэн юм.

Барьцаалагчдын гарт амиа алдсан хүмүүс бүгд гадаадын иргэд гэж Бангладешийн армийнхан эхлээд мэдэгдсэн юм. Гэхдээ сүүлд гарсан мэдээллээс үзвэл, Бангладешийн хэдэн иргэн мөн амь үрэгджээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ