Эртний нүүдэлчдийн дуу хуур "Домогт нүүдэлчдийн асар өргөө”-нөөс эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2016-07-04 10:34:50

Монгол угсаатны хөгжмийн товчооноос язгуурын өв их соёлоо хөгжүүлэх зорилгоор Чойжин ламын сүм музейд нээсэн “Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө”-нд эртний нүүдэлчдийн дуу хуур дахин сэргэн, эгшиглэж байна. 

Эртний нүүдэлчдийн дуу хуур, соёлын биет болон биет бус өвүүдийг дахин сэргээх, хөгжүүлэх, олон нийтэд танилуулах зорилготой “Домогт нүүдэлчид” төслийг Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, Алтай ятга судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Монгол угсаатны хөгжмийн товчооныхон өнгөрсөн 5 жилийн хугацаанд Түрэгийн үеийн 6-7 зуунд хамаарагдах, 1400 жилийн өмнө Хаадын өргөөнд тоглож байсан нуман хэлбэртэй Алтай их ятга, долоон тохой урт, 25 ёнхор чавхдаст Аху их ятгыг судалж, сэргээн дахин бүтээжээ. Хаадын өргөөний хүндэтгэлийн уг зэмсэг ард түмний дунд тоглогдох хориотой байсан учраас уламжлал олон жилээр тасрахад хүрсэн гэдэг. 2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханы хадны булшнаас Алтай ятга олдсон бөгөөд Монголд төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн хөгжмийн анхны олдвор болохыг судлаачид тогтоосон юм.

Уг олдворыг Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн Д.Ганпүрэв олон жил судалж, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгальжавтай хамтран сэргээн бүтээгээд байна. Алтай ятгын археологийн олдвор болон сэргээж бүтээсэн хувилбарыг 2014 онд Үндэсний түүхийн музейн “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд тавьж, хосгүй үнэт өвөөр зарласан бол мөн ондоо уг ятгыг дэлхий дахин зарлах “Алтай ятгыг дуурьсуулах их ёслол”-ын үеэр Монгол-Германы соёлын харилцааны бэлэг тэмдэг болгож албан ёсоор батламжилсан юм. 

Аху их ятгыг  хөгжим урлаач Л.Дэмчиггаравтай эртний Хүннү, Сүннүгийн эх олдвор дээрх чимэглэлээр чимж, сийлж урласан байна. 

Үүх түүхтэй, судалгаа шинжилгээтэй эртний нүүдэлчдийн хөгжмийн эдгээр зэмсгүүдийг дахин сэргээж, зөвхөн “Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө”-нд эгшиглэн, хөг аялгуугаараа ард түмний сонорыг мялааж байна.  

Монгол угсаатны хөгжмийн товчоо мөн дэргэдээ монголчуудын олон зууны түүхийнхээ хугацаанд дэлгэрүүлж ирсэн Тойром бүжгийг дахин сэргээгээд байна. Тойром бүжиг нь эв нэгдлийг бэхжүүлэх үндэсний соёл бөгөөд 13 дугаар зууны үед Их Монгол Улсад хүчтэй хөгжиж байсан нь Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 

“Өвдөг газрыг өлтөртөл бүжье, Хавирга газрыг халцартал бүжье” гэсэн маш их энерги агуулсан хоёр мөрийг 48 болгож хөгжүүлэн, Тойром бүжгийг өдгөө монголчууд дахин бүжиж байна.

Язгуурын гэгдэх эдгээр соёлыг сэргээх их зорилгын үүднээс Монгол угсаатны хөгжмийн товчоо “Домогт нүүдэлчдийн дуу хуурын нүүдлийн асар өргөө”-г Улаанбаатар хотноо Чойжин ламын сүм музейд нээгээд байна. Соёлын биет болон биет бус өвийг дотоод, гадаадын үзэгчдэд сурталчлан таниулахаас гадна хэрэв хүсвэл Алтай их ятга, Ахуй их ятга болон Тойром бүжгийг зааж сургах сургалт явуулах юм. Нүүдэлчдийн асар өргөөнд нэрт ятгач Ч.Мөнх-Эрдэнэ болон “Алтай” хамтлаг язгуурын урлагийн гайхамшгийг мэдрүүлэх тоглолтоо өдөр бүр хоёр удаа толилуулна.

“Алтай” хамтлаг нь 4-12 үеийн язгуурын өв уламжлагч чадварлаг 6 уран бүтээлчээс бүрдсэн, "Алтай ятга" төслийн хүрээнд 2011 онд анх байгуулагдсан. Тус хамтлаг Турк улсын Ерөнхийлөгч Реджеп Эрдоганы урилгаар тусгай арга хэмжээнд, САХА-гийн Соёлын сайд Борисовын урилгаар САХА-д, ЮНЕСКО-гийн Их танхимд тус тус тоглолтоо хийж байв. Энэ удаад долдугаар сарын 14-нд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпиний урилгаар тоглолтоо хийхээр зэхэж байна. "Алтай" хамтлаг анхны бие даасан “Золгоё доо“ цомгоо гаргасан бөгөөд урын сандаа “Цацсан шагай”, “Ширээ нуур” зэрэг 30 гаруй уран бүтээлтэй.  

Алтай их ятга болон улаан ямааны арьс, бугын эврээр урласан хэнгэрэг, цуур, малын шагай, туурай, Баруун Алтайн хун хуур, сэрх хуур, бууран хуур зэрэг хэд хэдэн хуураар тоглодог юм. Хамтлагийн ахлагч, икел хуурч, морин хуурч, янгир хуурч дуучин А.Санчир, эвэрт хэнгэрэгч, хөөмийч, цуурч, туульч М.Даваадалай болон бий биелээч, товшуурчин, хил хуурч Б.Ганзориг, Б.Гүрбазар, морин хуурч, хөөмийч, дуучин Т.Арван нарын удам дамжсан соёлын өв тээгч 22-30 насны залуусаас бүрджээ.

Дашрамд дурдахад, язгуурын соёлыг нийтэд түгээх Нүүдэлчдийн асар нь 150 орчим хүн хүлээн авах багтаамжтай, өөрийн гэсэн тайз, тайзны гэрэл, тоног төхөөрөмжтэй юм. Нийт 35 сая төгрөгийн өртөгөөр бүтээгдсэн 192 м.кв уг асарыг барихад 1 өдөр хагас, хураахад 1 өдөр зарцуулах аж. Нүүдлийн асар 10 дугаар сарын 15 хүртэл Чойжин ламын музейд үйл ажиллагаа явуулах бөгөөд цаашдаа Монгол орны 21 аймагт нүүдлийн тоглолт хийхээр зорьж байгаа юм байна.  

“Домогт нүүдэлчдийн дуу хуурын нүүдлийн асар өргөө”-нд зочилсноор Алтай их ятга, Аху их ятгын эгшиглэн, “Алтай” хамтлагын язгуур урлагийн тоглолтыг үзэж сонирхон, үндэсний эв нэгдлийн илэрхийлэл болсон Тойром бүжгээ бүжин цэнгэх боломжтой юм. Эртний нүүдэлчдийн язгуурын соёлыг сэргээж, нийтэд түгээснээр Монголын язгуур хөгжил дахин өндийж цэцэглэн, цаашлаад үндэсний соёлынхоо дархлааг бий болгох онцгой ач холбогдолтой билээ.

Н.Гантуяа 

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ