Монголбанкны хяналтын зөвлөл хуралдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-15 18:48:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 10-нд цахимаар болж, тус банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газраас нөөцийн удирдлага, гадаад валютын нөөц ашиглалтын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.


АНУ-ын доллар, евро зэрэг нөөц валютын хүү бага түвшинд, ялангуяа цар тахлын сөрөг нөлөөг саармагжуулах бодлогын хүрээнд дэлхийн голлох эдийн засагтай орнууд мөнгөний зөөлөн бодлого явуулж буй нөхцөлд гадаад валютын хөрөнгө оруулалтын өгөөж багассан байна.


Харьцангуй их хүүтэй байгаа БНХАУ-ын юанийг Монголбанк нөөц валютын бүтцэд оруулж, түүнд хөрөнгө оруулж, свопын өглөгийн хүүгийн төлбөрийг ханшийн эрсдэлгүй оны эхний хагас жилд барагдуулжээ. Үүнийг Хяналтын зөвлөлийн гишүүд анхааралдаа авч, хүү төлөх эх үүсвэрийг бүрдүүлэх, өглөгийг хойшлуулсан хугацаанд хөрөнгийг үр өгөөжтэй ашиглахад санаачилга гаргахыг зөвлөв.


Валютын нөөцийн байдалд зэс, төмөр зэрэг таваарын бүтээгдэхүүний үнийн өсөлт, зарим бондын төлбөрийг дахин санхүүжүүлсэн нь эерэг нөлөөтэй ч нүүрс тээврийн саатал эрсдэл учруулж болохыг онцгойлон анхаарахыг сануулав. Мөн  үнэт цаас болон бусад хэлбэрээр Монголбанканд төвлөрсөн хөрөнгөд төлж буй хүүгийн эх үүсвэрийг олж авах, алдагдлыг багасгах, улмаар эдийн засгийг дэмжихэд өнгөрсөн оноос эхлүүлсэн дунд хугацааны репо санхүүжилтийн хэрэгсэл чухал болсныг тэмдэглэжээ. Валютын нөөцийг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой Тавантолгой”-н цахилгаан станц, төмөр замын бүтээн байгуулалтыг түргэтгэхэд хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх аливаа санал санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.


Ингэхдээ төлбөрийн тэнцэл, валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмжээний хөрөнгийн тухай яриа гэдгийг цохон тэмдэглэв. Монголбанкны мэргэжилтнүүд төв банкны үнэт цаасны зэрэгцээ Засгийн газар үнэт цаас гаргаж, санхүүгийн зах зээлийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод нөөцийн ашиглалтыг сайжруулах, банкны системийг дэмжих, томоохон төслүүдийг урагшлуулахад хамтран ажиллах нь чухлыг тэмдэглэлээ.  


Монголбанкны  нягтлан бодох бүртгэлийн шинэ программ, төлбөрийн систем, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжүүлж буй төсөл, төлбөрийн системийн шинэчлэлийн талаар Төлбөр тооцооны газраас мэдээлсэн юм.


Төв банкны суурь бүртгэлийн системийг шинэчлэхдээ Монголбанкны хэрэгцээ шаардлагад тулгуурлан боловсруулж, зөвхөн нягтлан бодох бүртгэлийн систем биш байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах, үүнтэй холбогдуулан программ хангамжийн функционал боломжийг шалгаж турших, хуучин систем, цаасан суурьт мэдээллийн өгөгдлийг шинэ систем рүү шилжүүлэх, дэд системийн хамтын ажиллагааг цогцоор нь турших гэсэн үе шаттай байгааг танилцуулав.


Энэ төслийг түргэтгэж, түүнд төв банкны бүх нэгжийн оролцоог хангаж, төсөл хэрэгжиж дууссаны дараа төлбөрийн шинэчлэлийн программыг Монголбанк хөтлөх, шинэчлэх бүрэн чадавхтай болсон байх талаар төслийн гүйцэтгэгч компанитай тохирох нь зүйтэй гэж Хяналтын зөвлөл үзлээ. Энэ үеэр Монголбанкны мэдээллийн аюулгүй байдлын талаар Удирдлага тѳлѳвлѳлтийн газрын Мэдээллийн аюулгүй байдлын албанаас мэдээлэл хийжээ. Цаашид Хяналтын зөвлөлд өгч буй мэдээллийн чанар, үр дүн, ач холбогдолд анхаарах, бодит үр дүнг харуулсан тайлбар өгөх, гадаад орны туршлагаас судлах, санаа авах, хэрэгжүүлэхэд түлхүү ажиллахыг онцолжээ.


Хурлын төгсгөлд Хяналтын зөвлөлөөс хийдэг “Төв банкны Засаглалын өнөөгийн байдал ба олон улсын туршлага" судалгааг сонсон, зөвлөлийн үйл ажиллагааны энэ оны төлөвлөгөө, цаашид хийх хэрхэн ажиллахаа тохирсныг төв банк мэдээлэв. 

Холбоотой мэдээ