Австралид коронавирусний халдварын нөхцөл байдал ямар байна вэ?
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАвстралид энэ сарын 14-нд халдварын 78545
тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан 25486 хүн эдгэрсэн бол нас баралтын
тохиолдол 1116 бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ. Түүнчлэн
Виктория мужид цар тахлын хоёр дахь давалгаа үргэлжилж байгаатай холбогдуулан
нас баралтын 80 орчим хувь нь /828/ тус мужид бүртгэгдсэн байна. Мөн зургаадугаар
сард Шинэ Өмнөд Уэльс мужийн нийслэл Сидней хотод халдварын “Дельта” хувилбар тархснаас
хойш тус мужийн 198 орчим оршин суугч халдварын улмаас нас баржээ.
Австралид голомтолсон халдварын тархалт 2020 оны сүүлч үе болон энэ оны дунд үед дэгджээ. Тус улсад коронавирусний шинэ хувилбарууд бүртгэгдсэнтэй холбогдуулан зарим мужид халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор хэд хэдэн хөл хорио тогтоосон байна. Энэ оны долоодугаар сарын эхэн үеэс наймдугаар сар хүртэл өдөрт халдварын олон тохиолдол бүртгэгдсээр байсан бөгөөд “Дельта” хувилбарын дэгдэлтийн улмаас улсын хэмжээнд хүн амын тал орчим хувь нь гэртээ хорионд орсны зэрэгцээ томоохон хотуудад хөл хорио тогтоожээ.
Түүнчлэн наймдугаар сарын сүүлч үеэс энэ сарын дунд үе хүртэлх хугацаанд Виктория мужид халдварын улмаас найман хүн нас барсан нь өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээс хойш бүртгэгдсэн анхны нас баралтын тохиолдол болсон байна. Шинэ Өмнөд Уэльс мужийн Сидней хотын зүүн захын дүүргээс голомтолсон халдварын “Дельта” хувилбарын дөрвөн тохиолдол энэ оны зургаадугаар сарын 18-нд бүртгэгджээ.
Мөн сарын 25-нд тус мужид “Дельта” хувилбарын 22 тохиолдол шинээр илэрснээр Бонди далайн эргээс голомтолсон халдварын тохиолдлыг 65-д хүргэжээ. Үүнтэй холбогдуулан Сидней хотын орон нутгийн засаг захиргааны дөрвөн бүсэд анхны хөл хориог тогтоожээ. Шинэ Өмнөд Уэльс мужид энэ оны зургаадугаар сард халдварын “Дельта” хувилбар дэгдсэн бөгөөд өнгөрсөн сарын 29-ний байдлаар халдварын улмаас зургаан хүн нас барж, 1218 тохиолдол шинээр бүртгэгджээ. Өдөрт бүртгэгдсэн тохиолдлын тоо улс даяар нэмэгдсээр байгаа бөгөөд дээрх тохиолдол нь улсын хэмжээнд өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон байна. Гэсэн хэдий ч өдөрт нас барсан хамгийн олон тохиолдол нь Виктория мужид бүртгэгдсэн тохиолдлоос /41/ хэд дахин бага байгаа юм.
Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, наймдугаар сарын 30-нд Шинэ Өмнөд Уэльс мужид халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ. Тус мужид цар тахлын дэгдэлт эхэлсэн үеэс хойш коронавирусний улмаас нас барсан хүмүүсийн тоо 149-д хүрсэн бөгөөд үүнээс 93 тохиолдол нь халдварын “Дельта” хувилбарын тархалтын үеэр бүртгэгджээ.
Вакцинжуулалт
Австрали улсад үндэсний вакцинжуулалтын хөтөлбөр энэ оны хоёрдугаар сарын
21-ний өдөр Сидней хотод эхэлжээ. Тодруулбал, АНУ-ын “Pfizer” компанийн “COVID-19”-ийн
вакцины эхний тунг тарьснаар вакцинжуулалтын хөтөлбөрийг улс орон даяар эхлүүлсэн
байна.
Үндэсний вакцинжуулалтын хөтөлбөрийн хүрээнд 2022 оноос өмнө тус улсын бүх иргэнийг вакцинжуулах зорилт тавиад байна. Энэ оныг дуустал эхний ээлжинд галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, тусгаарлалт, хилийн хяналтын ажилтнууд, өндөр настнууд, эмзэг болон эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулах ажээ.
Австралийн Эмийн бүтээгдэхүүний хяналтын газар /TGA/ дөрвөн компанийн вакциныг тус улсад хэрэглэх зөвшөөрөл олгоод буй юм. Тухайлбал:
- Нэгдүгээр сарын 25-нд, АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн вакцин,
- Хоёрдугаар сарын 16-нд, Их Британи, Шведийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран гарган авсан вакцин,
- Зургаадугаар сарын 25-нд, АНУ-ын “Johnson & Johnson” компанид харьяалагддаг “Janssen” компанийн гарган авсан вакцин
- Наймдугаар сарын 9-нд, АНУ-ын “Moderna” компанийн вакцинд тус тус зөвшөөрөл олгожээ.
Өнгөрсөн сарын мөн үед улсын хэмжээнд 10 сая
гаруй австраличууд коронавирусний эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн бол энэ сарын
14-ний байдлаар 23362740 тун вакцин тарьжээ.
Тус улсын вакцинжуулалтын түвшин Засгийн газраас дэвшүүлсэн анхны
зорилтот түвшнээс хамаагүй доогуур байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Мөн 16 ба түүнээс дээш насны вакцинд
хамрагдсан хүн амын эзлэх хувь энэ сарын 14-ний байдлаар 43.9 хувьд хүрчээ.
Эдийн
засгийн арга хэмжээ /2021 оны байдлаар/
Цар тахал Австралийн эдийн засагт нөлөөлж, 30 жилийн түүхэнд анх удаа тус улсын эдийн засгийг уналтад оруулжээ. Мөн урлагийн салбарт хамгийн ихээр нөлөөлсөн хэмээн үзжээ.
-2021 оны хоёрдугаар сарын 22-нд, Австралийн
Ерөнхий сайд Скотт Моррисон ажилгүйдлийн тэтгэмжийг энэ оны дөрөвдүгээр сарын хоёр
дахь долоо хоногоос 50 австрали доллароор нэмэгдүүлнэ хэмээн мэдэгджээ. Ажилгүйдлийн
тэтгэмж мөн сарын хоёр дахь долоо хоногоос 614 австрали доллар болж өсөх бөгөөд
урьдчилсан тооцоогоор есөн тэрбум австрали доллар зарцуулахаар төлөвлөжээ.
-2021 оны хоёрдугаар сарын 26-нд, “Цар тахлын
энэ үеэр Австралийн олон улсын нисэх онгоцны буудлууд сар бүр 320 сая австрали
долларын алдагдал хүлээж байна” гэж тус улсын Нисэх онгоцны буудлуудын холбооны
тэргүүн Жеймс Гүүдвин хэлжээ. Түүнчлэн сүүлийн 12 сарын хугацаанд нисэх онгоцны
буудлын ажилчдын 25 хувь нь цар тахлын улмаас ажлын байраа алдсан болохыг
онцолжээ.
-2021 оны гуравдугаар сарын
10-нд, Австралийн Засгийн газар аялал жуулчлалын салбараа аврах зорилгоор австраличуудад
зориулсан шинэ хөтөлбөрөө танилцуулжээ. Уг хөтөлбөрт нийт 1.2 тэрбум австрали
доллар зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сараас долдугаар
сарын хооронд аялал жуулчлалын 13 чиглэлд үйлдэгдэх нислэгүүдийн 800000 хүртэлх
нислэгийн тийзийн үнийг дотоодын аялагчдад хоёр дахин бууруулж, зөрүүг нь Засгийн
газар төлөхөөр болжээ.
-2021 оны зургаадугаар сарын 3-нд, Хөл хорионы улмаас
ажлын байраа алдсан иргэдэд долоо хоногт 325-500 австрали долларын тэтгэмж олгох
боломжтой гэж тус улсын Засгийн газраас мэдэгджээ. Үүнд дараах иргэд хамрагдах
боломжтой ажээ.
- 17 болон түүнээс дээш насны иргэн байх,
- 10000 австрали доллароос бага хөрвөх чадвартай
хөрөнгөтэй байх,
- Хөл хорионы дэглэмээс бусад нөхцөлд ажиллах боломжтой
байсан,
-
Хөл хорионы улмаас орлого нь зогсох эрсдэлтэй
-2021 оны зургаадугаар сарын 7-нд, Виктория муж
хөл хорио тогтоосонтой холбогдуулан ажлын байраа алдсан оршин суугчдад 30 сая
австрали долларын санхүүгийн дэмжлэг олгохоо мэдэгджээ. Тус мужийн захиргаанаас
мөнгөн дэмжлэг олгох хугацааг аравдугаар сар хүртэл сунгав.
Түүнчлэн дэлхий даяар тархаад буй коронавирусний
халдвар Австралийн хөдөлмөрийн зах зээлд ихээхэн сөрөг нөлөө үзүүлжээ. 2019 оны
долоодугаар сард ажилгүйдлийн түвшин 5.1 хувь байсан бол өнгөрсөн оны долоодугаар
сард энэ үзүүлэлт 7.5 хувьд хүрч, оны эцэс гэхэд 6.6 хувь болж буурчээ. Энэ оны
дөрөвдүгээр сард гаргасан 2021 оны 2-3 дугаар сарын тоон үзүүлэлтээс харахад
ажилгүйдлийн түвшин 5.8 хувь болж буурсан нь коронавирусний халдварын тархалтын
эхэн үеийнхтэй харьцуулахад 0.4 пунктээр өссөн үзүүлэлт юм.