Энэтхэг “COVID-19”-ийн вакциныг үргэлжлүүлэн экспортолно

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-09-21 17:25:09

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэг улс “COVID-19”-ийн вакцины экспортоо энэ оны сүүлээс үргэлжлүүлнэ гэдгээ даваа гарагт мэдэгдлээ. Дөрөвдүгээр сараас улсын хэмжээнд халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэх болсонтой холбоотойгоор тус улс коронавирусний вакцин экспортлохоо түр зогсоогоод буй юм. 


Дэлхийн вакцины хамгийн том нийлүүлэгчдийн нэг болох Энэтхэг нь “Astrazeneca” компанийн вакциныг дотооддоо үйлдвэрлэн бусад улс орнууд руу экспортолж байсан юм. Харин тавдугаар сарын эхэн үед өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын тоо 400 мянга давж байсан бол одоо 30 мянга орчимд хүрч буураад байна. 


“Манай улс вакцины экспортоо 10-12 дугаар сараас үргэлжлүүлэхээр төлөвлөж байна” гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мансух Мандавия даваа гарагт мэдээлжээ. Түүний хэлснээр, ирэх сараас эхлэн улсын сард үйлдвэрлэх вакцины хэмжээ 300 сая тунд хүрэх төлөвтэй байна. 


Энэтхэг энэ оны эхний хагаст “COVAX” хөтөлбөрийн вакцины 70 хувийг хангах байсан тул тус улсын вакцины нийлүүлэлт зогссон нь дэлхийн вакцинжуулалтын хөтөлбөрт хүнд цохилт болсон юм. 


“COVID-19”-ийн вакцины экспортыг хэзээнээс эхлүүлэх, хэдий хэмжээний вакцин нийлүүлэх гэх мэт нарийн дэлгэрэнгүй мэдээллийг Энэтхэгийн Засгийн газраас хараахан өгөөгүй байна. Гэвч “COVAX” хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Холбоотой мэдээ