Угандад мөргөлийн газруудыг дахин нээхээр болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-09-23 08:52:40

КАМПАЛА. /Xinhua/. Уганда улсын Ерөнхийлөгч Йовери Мусевени тус улсад шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо буурч байгаатай холбогдуулан мөргөлийн газруудыг дахин нээхийг лхагва гарагт үүрэг болгожээ.


“Мөргөлийн газрууд хүн хоорондын зай барих журмыг хэрэгжүүлэх, амны хаалт зүүх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд дагаж мөрдөн дээд тал нь 200 хүний дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно” гэж Й.Мусевени тус улсын халдварын нөхцөл байдлын талаар хийсэн мэдээлэлдээ дурджээ.


Угандад цар тахлын хоёр дахь давалгаа дэгдэж эхэлсэнтэй холбогдуулан зургаадугаар сарын эхээр мөргөлийн газруудын үйл ажиллагааг зогсоогоод байсан юм.


"Улсын хэмжээнд вакцинжуулалтын түвшин доогуур байна. Үүнтэй холбогдуулан хамгийн багадаа 4.8 сая хүнийг вакцинд хамруулах хүртэл олон нийтийг хамарсан бусад үйл ажиллагаа, шөнийн цэнгээний газрууд, аливаа төрлийн хөгжмийн арга хэмжээг зохион байгуулахгүй" гэж Й.Мусевени нэмж дурджээ.


Мөн тэрбээр энэ оныг дуустал эхний ээлжинд галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, тусгаарлалт, хилийн хяналтын ажилтнууд, 50 ба түүнээс дээш насны иргэд, суурь өвчтэй хүмүүс, багш сурган хүмүүжүүлэгчид, 330000 оюутан, сурагчдыг дархлаажуулах зорилт тавьснаа онцолсон байна.


Угандад энэ оны гуравдугаар сараас эхлэн вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд лхагва гаргийн байдлаар 1.7 сая гаруй тун вакцин тарьсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

 

 

Холбоотой мэдээ