Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахыг шаардсан жагсаал 99 оронд болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-09-25 13:18:13

ЛОНДОН. /The Guardian/. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн хариуд яаралтай арга хэмжээ авахыг эрх баригчдад уриалах зорилготой жагсаал баасан гарагт 99 оронд болж хэдэн зуун мянган хүн оролцлоо гэж “The Guardian” сонин мэдээлжээ.


“COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн хэмжээнд анх удаа ийм жагсаал болсныг хэвлэлд онцолжээ. Байгаль орчны идэвхтнүүд 2021 оны 10  дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 12-ны хооронд Глазго хотод болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлаас нэг сарын өмнө ийнхүү жагссан байна. 


Зохион байгуулагчдын мэдээлснээр, Европ, Африк, Хойд, Өмнөд Америкийн 1800 гаруй хотод хүмүүс жагсаалд оролцохоор цугласан байна. Тухайлбал, Германд Бундестагийн сонгууль болохоос хоёр хоногийн өмнө 100 мянга гаруй хүн уг жагсаалд оролцож, Шведийн идэвхтэн Грета Тунберг тэдэнд хандаж үг хэлжээ.


"Тийм ээ, бид санал өгөх ёстой, та бүхэн саналаа өгөх ёстой, гэхдээ ганц санал хангалтгүй гэдгийг санах хэрэгтэй. Бид үргэлжлүүлэн жагсах ёстой" гэж тэрбээр хэлсэн байна. 


Мексикт жагсагчид Мехико хот дахь ерөнхийлөгчийн ордны өмнө цуглаж, төрийн мэдлийн газрын тос, байгалийн хийн “Pemex” компаниас нүүрстөрөгчийн түлшний хэрэглээнээс татгалзах төлөвлөгөөгөө танилцуулахыг шаарджээ. Бангладешт жагсагчид нүүрс, хийгээр ажилладаг шинэ цахилгаан станц барихыг эсэргүүцсэн бол Өмнөд Африкт эрчим хүчний салбарт чулуужсан түлшийг халахыг Засгийн газарт уриалах зорилготой гурван өдрийн "ажил хаялтын" хүрээнд 12 хотод жагсаал зохион байгуулжээ. Лондон хотод идэвхтнүүд парламентын ордны өмнө жагссан байна.


Холбоотой мэдээ