Их Британийн Засгийн газар 10 мянга гаруй гадаад ажилчдад түр виз олгохоор болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-09-26 11:00:47

ЛОНДОН. /PA/. Их Британийн дэлгүүрүүдэд барааны хомсдол, шатахуун түгээх станцуудад шатахууны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын Засгийн газар 10 мянга гаруй гадаад ажилчдад түр виз олгохоор болжээ


"Энэхүү багц арга хэмжээ нь Их Британид өргөн хүрээнд нүүрлээд буй энэ хямралыг даван туулахын тулд бидний хийж эхэлсэн чухал ажилд үндэслэсэн бөгөөд Засгийн газар тээвэрчид, хүнсний үйлдвэрлэгчдэд ачааны машины жолоочийн дутагдлыг арилгахад нь туслахын тулд чадах бүхнээ хийсээр байна” гэж тус улсын Тээврийн сайд Грант Шэппс мэдэгдсэн байна.  


“Арван найман хүнд хэцүү сарын дараа Зул сарын баярыг тэмдэглэх нь бидний хувьд хэчнээн чухал болохыг мэдэж байна. Ийм учраас баярын бэлтгэл ажлыг үргэлжлүүлэхийн тулд бид эдгээр алхмыг урьдчилан хийж байна" гэж Шэппс коронавирусний цар тахлын үр дагаврын тухай ярихдаа хэлжээ.


Түүний мэдээлснээр, хүнд даацын автомашины жолооч нарт 5 мянга, бусад 5.5 мянган визийг шувууны аж ахуйн ажилчдад олгох аж. Үүнээс гадна, тэтгэвэрт гарсан 1 сая орчим ачааны машины жолооч нарт жолооны ард суух саналыг ойрын өдрүүдэд тавих аж.  Эдгээр хүмүүст илүү өндөр цалин, ажиллах хугацааг урьдчилан санал болгоно. Үүний зэрэгцээ 10 сая фунт стерлинг буюу 14 сая ам.долларыг Боловсролын яаманд шилжүүлж, хүнд даацын машин жолоодох C ангиллын үнэмлэх олгох сургалтад 3000 гаруй хүнийг хамруулахаар болсон байна. 


Энэхүү арга хэмжээг Их Британийн худалдааны танхимуудын холбоо хангалтгүй гэж үзэн Засгийн газраа шүүмжилжээ.


Засгийн газрын зарласан арга хэмжээ нь "галыг унтраахын тулд хувингаар ус зөөхтэй адил" гэж холбооны ерөнхийлөгч Руби МакГрегор-Смит мэдэгдсэн байна.


Их Британийн Тээвэрчдийн холбооны тооцоолсноор, тус улсад том ачааны тэрэгний 100 000 гаруй жолооч шаардлагатай байгаа аж. Хүнд даацын машины жолооч хүрэлцэхгүй болсны шалтгаан нь цар тахал төдийгүй Brexit-тэй холбоотой юм. Сүүлийн хоёр жилд ЕХ-ны орнуудын мэргэжлийн олон мянган жолооч Их Британийг орхин гарсан бол цар тахлын улмаас шинээр жолооч бэлтгэх сургалт саатаж, олон оронд жолооны үнэмлэх олгох шалгалт явагдаагүй байна.


Жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрүүд хэдэн сарын турш ачааны машины жолооч хүрэлцэхгүй байгаа талаар гомдоллож байгаа бөгөөд хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол Христийн мэндэлсний баяр гэхэд дэлгүүрүүдийн лангуунууд хагас хоосон болно гэж анхааруулж байна.


Их Британийг ЕХ -ноос гарсны дараа хэрэгжиж эхэлсэн цагаачлалын журамд үл хамаарах мэргэжлүүдийн жагсаалтад ЕХ-ны жолооч нарыг оруулахыг Тээвэрчдийн холбооноос Засгийн газартаа аль эрт уриалжээ.


Өнгөрсөн пүрэв гарагт Их Британийн газрын тосны BP корпорац шатахуун нийлүүлэхтэй холбоотой асуудлаас болж шатахуун түгээх хэд хэдэн станцаа хаасан нь хиймэл эрэлт үүсгэсэн байна. Баасан, бямба гаргуудад шатахуун түгээх станцуудад машинуудын урт дараалал үүсэж, зарим нь их хэмжээний эрэлтээс болж огт шатахуунгүй болсон байна.


 


Холбоотой мэдээ