Оношлох үнэлгээнд 24 сургуулийн 8319 суралцагчийг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-26 13:22:19

Архангай /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө /2021-2023/-ний хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021.06.23-ны өдрийн А/240 дугаар тушаал гарсан. Үүгээр “...суралцагчдын мэдлэг, чадварын ялгаатай байдлыг оношлох, хариу арга хэмжээ зохион байгуулах..."-ыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Боловсролын үнэлгээний төв, аймгийн Боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нартай хамтран “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оношлох үнэлгээ”-г  энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулсан. Архангай аймагт оношлох үнэлгээнд ерөнхий боловсролын 24 сургуулийн 2-12-р ангийн 8319 сурагч /программын аргаар түүвэрчилж авсан/, тэдгээрийн эцэг эхчүүд хамрагдлаа. Оношлох үнэлгээний үр дүнд шинжилгээ хийж, сурлагын хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөөг БШУЯ, Боловсролын үнэлгээний төвөөс хэрэгжүүлэх юм. Оношлох үнэлгээг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Холбоотой мэдээ