Kyodо: Ёкозүна Хакүхо зодог тайлахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-09-27 09:21:54

ТОКИО. /Kyodo/. Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна, дээд зиндааны 45 башёд түрүүлсэн дээд амжилтын эзэн Хакүхо зодог тайлахаар төлөвлөж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.


Өдгөө 36 настай Монгол гаралтай сүмоч баруун өвдөгний бэртлийн улмаас олон башёг өнжсөний эцэст зодог тайлах талаар эргэцүүлэх болсон гэж эх сурвалж мэдээлсэн байна.


Хакүхо бэртэл, “COVID-19” халдварын улмаас зургаан башё өнжсөний эцэст долоодугаар сарын Нагоя башёгийн дэвжээнээ дахин зодоглож, нэг ч уналгүйгээр 15 даван түрүүлсэн юм.


Гэвч Миягино дэвжээнд “COVID-19” халдварын олон тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор Хакүхо болон өөр 17 бөх саяхан өндөрлөсөн намрын тэмцээнийг өнжихөөс өөр аргагүйд хүрчээ.


Эртний түүхт спортын 69 дэх Ёкозүна Хакүхогийн Монгол нэрийг М.Даваажаргал гэдэг бөгөөд тэрбээр 2001 оны хавраас сүмогийн дэвжээнд зодоглож, 2006 оны тавдугаар сард дээд зиндааны анхны башёдоо түрүүлж байв.


Олон янзын довтлох арга барилтай гэдгээрээ алдаршсан 1.92 м өндөр, 155 кг жинтэй Хакүхо нь 2007 оны долоодугаар сард 22 нас, хоёр сартайдаа Ёкозүна цол хүртсэн юм.


Тэрбээр 2019 оны есдүгээр сард Японы иргэншил авснаар өөрийн дэвжээг байгуулах эрхтэй болсон билээ. 

Холбоотой мэдээ