БНСУ-д эрсдэлтэй бүлгийнхнийг вакцины нэмэлт тунд хамруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-27 10:09:17

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д Ургацын баярын дараа “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэх болоод буйтай холбоотойгоор 60 болон түүнээс дээш насны иргэд, эмнэлгийн байгууллагын ажилтнууд зэрэг эрсдэлтэй бүлгийн хүн амыг вакцины нэмэлт тунд ойрын хугацаанд хамруулж эхлэхээр болжээ.


Ерөнхий сайд Ким Бу Кюмын мэдэгдсэнээр, Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв иргэдийг нэмэлт тунд хамруулах хөтөлбөр багтсан дөрөвдүгээр улирлын вакцинжуулалтын төлөвлөгөөг өнөөдөр танилцуулна.


Мөн ирэх сарын эхэн үеэс Засгийн газар вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийн үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд хоёр тунг тарих хугацааг бууруулах ажээ. БНСУ “Pfizer”, “Moderna”-гийн вакцины хоёр тунг 3-4 долоо хоногт тариулахыг санал болгож байсан ч вакцины нөөцийг харгалзан зургаан долоо хоног болгон сунгаад байгаа юм.


Үүний зэрэгцээ ирэх улирлаас “COVID-19”-ийн вакцинд өсвөр насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлнэ. Тийнхүү хүүхдүүдийг вакцинжуулах төлөвлөгөөг эцэслэн баталбал тэднийг “Pfizer”-ийн вакцинд хамруулах төлөвтэй байна.


Ургацын баярын дараа халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэх болсон талаар Ким Бу Кюм хэлэхдээ, нөхцөл байдал маш хүнд байгааг цохон тэмдэглэжээ. Тэрбээр, “Энэ долоо хоногт халдварын нөхцөл байдал хэрхэх нь хэвийн амьдралдаа эргэн орох үе шаттай төлөвлөгөөг хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж хэлсэн байна. 

Холбоотой мэдээ