Гана “AstraZeneca”-гийн вакцин хүлээн авчээ

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-09-27 10:19:07

АККРА. /Anadolu/. Гана улс Германаас “AstraZeneca” компанийн 1.5 сая тун “COVID-19”-ийн вакциныг ням гарагт хүлээн авчээ.


“Герман улсаас илгээсэн 1.5 сая тун “COVID-19”-ийн вакциныг хүлээн авсан талаараа ганачуудад хэлэхэд таатай байна" гэж Гана улсын Эрүүл мэндийн дэд сайд Махама Асей Сейни онцолжээ.


Германы Канцлер Ангела Меркель Гана улсын Ерөнхийлөгч Нана Акуфо Аддотой наймдугаар сард хоёр талын яриа хэлэлцээ хийх үеэрээ Германы талаас “COVID-19”-ийн вакцин хандивлахаа амласан юм. Эхний ээлжинд тус улсаас 1.2 сая тун вакцин илгээхээр төлөвлөөд байсан бол 300000-аар нэмэгдүүлж, 1.5 сая тун вакцин илгээсэн нь энэ ажээ.  


Үүний зэрэгцээ АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис мөн Гана улсад  “Pfizer” компанийн “COVID-19”-ийн 1.3 сая тун вакцин илгээхээ хэдхэн хоногийн өмнө амласан байна. Гана улс ирэх аравдугаар сараас эхлэн “Pfizer”-ийн вакциныг тарьж эхлэхээр төлөвлөж байна.


“Our World in Data” цахим хуудсанд мэдээлснээр, Гана улс гуравдугаар сараас хойш 1.62 сая тун вакцин тарьсан бөгөөд 30 сая гаруй хүн амтай тус улсын хүн амын ердөө 2.5 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ. Түүнчлэн улсын хэмжээнд одоогийн байдлаар халдварын нийт тохиолдлын тоо 126146 болж, халдварын улмаас 1139 хүн нас баржээ.

 

Холбоотой мэдээ