Азийн хөл бөмбөгийн холбооны В зэрэглэлийн дасгалжуулагчдыг бэлдэж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-28 15:02:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос энэ удаад АХБХ-ны “В зэрэглэл”-ийн дасгалжуулагчийн сургалтыг анх удаа дотооддоо зохион байгуулж байна.


Энэхүү сургалт нь 3 үе шаттай бөгөөд эхний шат 9 дүгээр сарын 25-нд дууссан. Харин 2, 3 дугаар шатны сургалт 10 дугаар сард болох юм.


Эхний сургалтад 17 оролцогч, 2 ажиглагч хамрагдсан бөгөөд АХБХ-ны “А” зэрэглэлийн дасгалжуулагчид болох Э.Ганзориг, Б.Гарьдмагнай нар удирдан зохион байгуулсан юм. АХБХ-ноос Япон улсын мэргэжилтэн Ясухиро Кимура цахим хэлбэрээр сургалтын явцыг хянаж байна.



Хөлбөмбөгийн хөгжлийг хурдасгах чухал хүчин зүйлүүдийн нэг бол чадварлаг дасгалжуулагчтай байх хэрэгтэй. Иймд МХБХ-ноос "Урт хугацааны стратеги төлөвлөгөө 2020-2028" хөтөлбөрийн  мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх зорилтын хүрээнд дасгалжуулагчдын боловсрол, мэдлэг чадварт үргэлж анхаарал хандуулж, сургалтуудыг тогтмол зохион байгуулж, клубээр дамжуулан санхүүгийн хувьд дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа юм.



АХБХ-ны В ангиллын сургалтад сууж, зэрэглэлээ ахиулахаар хичээнгүйлэн суралцаж байгаа дасгалжуулагчдад МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал нар сургалтын нээлтэд оролцов.

Холбоотой мэдээ