АН-аас “Одоо боллоо” цуглааныг маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-30 11:43:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-аас “Одоо боллоо” цуглааныг маргааш буюу 10 дугаар сарын 1-ний 11.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.


Уг цуглааны зохион байгуулалтын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр, “Дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг ДНБ-ийхээ 17 хувийг зарцуулж байхад Монгол Улсад энэ үзүүлэлт 60 хувьтай тэнцэж байна. Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн хугацаанд 20 их наяд төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Мөн цар тахлын үеийн нэг удаагийн хуулиар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоодог, цагийг хязгаарлах зэргээр иргэд, бизнес эрхлэгчдийн эрхийг боомилж байна. Тиймээс энэ хуулийг хүчингүй болгох хэрэгтэй” хэмээсэн юм.


АН-аас өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт таван зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Тодруулбал, шатахууны хомсдолтой үед хувийн хэвшил өөрсдөө чөлөөт үнийн зохицуулалт хийх боломжийг бүрдүүлэх, хөрш орнуудтай үр дүнтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлж чадахгүй байгаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, хилийн боомтуудыг хэвийн ажиллуулж чадахгүй байгаа гаалийн болон ашигт малтмалын газрын удирдлагуудад хариуцлага тооцохыг шаардсан юм. Эдгээр шаардлагад хариу өгөөгүй байгаа тул маргааш болох цуглаанаар уг шаардлагын хариуг нэхэх аж.


Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан АН-д шаардлага хүргүүлсэн юм. Тодруулбал, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “улбар шар” түвшинд жагсаал, цуглаан зохион байгуулахыг хуулиар хориглодог гэдгийг хурандаа Н.Лхагвасайхан онцлов.


Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цуглааныг зохион байгуулах тул цагдаагийн байгууллагыг иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг хүссэн юм.

Холбоотой мэдээ