Н.Гантулга: Төв аймагт бэлчээрийн даац 4-8 дахин хэтэрсэн

ОРОН НУТАГТ | ТӨВ
sarantsetseg@montsame.mn
2021-10-01 21:33:27

Төв аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Н. Гантулгатай ярилцлаа.


-Төв аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хэр шатандаа явж байгаа вэ?

-Энэ жил зуншлага сайн байсантай холбогдуулан намрын улирал ч налайгаад сайхан байна.

Төв аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ жил тэжээлийн ургамал 150 тн, 16 мянган боодол ногоон тэжээл бэлтгэхээр тендер зарласан тул шалгарсан компани, аж ахуй нэгж өвс тэжээлээ бэлтгэж эхлээд байна.

Суурин газрын өвөлжилт 100 хувь хангагдаад байна. Энэ жилийн хувьд өөр аймаг, сумаас отроор нүүдэллэж буй иргэдийг нутагтаа өвөлжүүлэхгүй байх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан байгаа.

-Ургац хураалт хэр шатандаа явж байгаа вэ?

-Төв аймгийн хэмжээнд энэ жил нийт 161 мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 77 мянган га-д үр тариа, 68 мянган га-д улаан буудай, 1600 га-д хүнсний ногоо, 1230 га-д төмс, тосны ургамал, 44 мянган га-д ногоон тэжээл тус тус тариалсан. Ерөнхийдөө Төв аймаг ногоон тэжээл, малын тэжээл тариалалтаараа улсдаа тэргүүлдэг. Бид энэ оны хаврын тариалалт эхлэхэд 29 мянган га талбайд тариалахаар төлөвлөж байсан ч 44100 га-д тариалсан байна. Энэ жилийн хувьд ургац арвин хэдий ч хур бороо их орсны улмаас тариа боловсрох хугацаа удааширч ургац хураалт төлөвлөж байсан хугацаанаас 14-20 хоногоор хойшлогдоод байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд улаанбуудай 20 хувь, төмс 60 хувь, хүнсний ногоо 60 хувьтай ургацаа хурааж байгаа бөгөөд 10 дугаар сарын 5-нд дуусгах төлөвлөгөөтэй байна.

-Ургац хураалтад оролцож буй хугацаат цэргийн алба хаагчдын хугацааг сунгасан гэж өмнө нь мэдээлж байсан. Ажиллах хүч хэр байна вэ?

-Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 1000 гаруй хугацаат цэргийн алба хаагч ажиллаж байна. Ургац хураалт удааширч байгаатай холбогдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас хугацаат цэргийн алба хаагчдын ажиллах хугацааг сунгасан гэж өмнө нь мэдээлж байсан. Мөн Төв аймагтай Хөдөө аж ахуйн их сургууль хамтран ажиллаж байгаатай холбогдуулан тус сургуулийн 600 гаруй оюутан, Монгол Улсын Боловсролын их сургуулийн 400 гаруй оюутан ирж ажилласан.

-Уринш боловсруулалт газар тариалангийн салбартай салшгүй холбоотой. Энэ жилийн хувьд хэдэн га талбайд уринш боловсруулсан бэ?

-Уринш боловсруулах нь нэг талдаа зэрлэг их хэмжээгээр ургах сөрөг үр дагавартай байдаг. Гэсэн хэдий ч энэ жилийн хувьд 70-аад мянган га-д уринш боловсруулаад байна.

-Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдааг Зуунмод суманд зохион байгуулж байгаа. Энэ талаар?

-“Ковид-19” цар тахлын улмаас 27 сумыг бүгдийг хамруулах боломжгүй. Иймд хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр 2 сумаар 3, 3 хоногийн хуваарийн дагуу “Төв аймагт үйлдвэрлэв” дэлгүүрт хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн болон сум бүр өөрийн брэнд бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямд өртгөөр худалдан борлуулж байна.  

-Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар?

-Төв аймгийн хэмжээнд энэ жил 6 сая орчим толгой мал өвөлжих урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Тал хээрийн сумдад хадлан, тэжээлээ нөөцөлж авах ажил эхэлсэнтэй холбогдуулан тариалангийн аж ахуй эрхэлдэг сумдаас тал хээрийн сумдад хадлан, тэжээлээ гэрээлэн хямд үнийн бодлогоор борлуулах, тэднийг холбон зуучилж өгөх ажлыг хийж байна.

-Төв аймагт бэлчээрийн даац хэр байна вэ?

Төв аймагт бэлчээрийн даац 4-8 дахин хэтэрсэн. Үүний зэрэгцээ Төв аймаг руу малчин болон мал бүхий иргэд шилжин суурьших хүсэлтэй байгаа бөгөөд цаашид шилжих хөдөлгөөн ихсэх хандлагатай байна.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ