Малчдад бэлэн мөнгө, хүнсний тусламж хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-05 16:36:40

Дундговь аймгийн малчдын гарт Олон Улсын Улаан Загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны хүмүүнлэгийн тусламж хүрлээ. Эхний удаад 200 малчин өрхөд тус бүр 192 мянга, 100 өрхөд 64 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн  бол энэ удаад 64 мянган төгрөг хүлээн авсан өрхүүддээ дахин хүнсний багц нэмж хүргэв.

 Олон Улсын Улаан Загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо гамшгийн үеийн яаралттай тусламжийн хүрээнд олон улсын уриалга гаргасанаар Монгол орны зудтай өвөлжиж байгаа 17 аймгийн 5100 малчин өрхөд хүнс болон бэлэн мөнгөний яаралттай тусламжийг хүргэсэн. Энэ тусламжийн хоёр дахь үе шатанд Дундговь аймгийн малчид хамрагдаж байгаа нь энэ ажээ.

“ Дундговь аймгийн нийт нутаг цас ихтэй, хүйтэн, ихэнх сум малын хорогдол ихтэй өвөлжиж, хаваржсан. Ялангуяа 3 дугаар сарын эхээр тохиосон  хүчтэй цасан шуурга гамшгийн хэмжээнд хүрсэн тул Монголын Улаан загалмайн нийгэмлэгт хүсэлт тавьснаар гамшгийн үнэлгээ хийж, гамшгийн үеийн яаралттай тусламжид хамрагдсан юм” гэж  аймгийн Улаан загалмайн хорооны дарга Д. Сампил хэллээ.

Хүнсний багцад 25 кг гурил, 10 кг будаа, цай, давс, ургамлын тос, элсэн чихэр зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн багтсан байна. Малчдын хувьд энэ нь 2- 3 сар гаруй хэрэглэх хүнс ажээ.

Хүмүүнлэгийн тусламжийг малчдын гарт хүргэх тээвэрлэлтийн зардлыг Мерси Кор Олон улсын байгууллага хариуцсан байна. Тус байгууллага “Хүмүүнлэгийн тусламжийн түгээлт зохицуулалт” төслийнхөө хүрээнд МУЗН- тэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр тусламжийн тээвэрлэлтийг гүйцэтгэсэн бөгөөд сум бүрт тусламжийг хүргэж малчдын гарт хүлээлгэн өгчээ.

Т. Отгонтуяа

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ