Хятадын ДНБ-ний өсөлт III улиралд тэгд хүрч магадгүй гэж таамаглаж байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Bloomberg/. БНХАУ-ын гуравдугаар улирлын эдийн засгийн идэвхжил өмнөх гурван сарынхтай харьцуулахад тогтвортой түвшинд хүрэх магадлалтай байгаа бол бүтэн жилийн эдийн засгийн өсөлт найман хувиас буурч магадгүй хэмээн урьдчилан таамаглаж буйгаа эдийн засагч Кристоф Барро илэрхийлжээ.
"БНХАУ-ын эдийн засаг цар тахлын улмаас энэ оны гуравдугаар улиралд ихээхэн удаашрах төлөвтэй байна" гэж “Market Securities” ХХК-ийн ахлах эдийн засагч К.Барро таамаглажээ. Тэрбээр өнгөрсөн онд БНХАУ-ын эдийн засгийг урьдчилан таамаглаж байсан “Bloomberg”-ийн хамгийн өндөр үнэлгээтэй эдийн засагчаар шалгарч байв.
Эдийн засагч К.Барро БНХАУ-ын эдийн засаг энэ оны 7-9 дүгээр сард өмнөх гурван сарынхаас 0.3 хувиар өснө хэмээн урьдчилан таамагласан нь “Bloomberg”-ийн эдийн засагчдын хийсэн судалгааны дундаж тооцооллоос 1.1 хувиар доогуур байна.
“Фитч” агентлагаас энэ оны зургаадугаар сард гаргасан эдийн засгийн төлөвд дурдсанаар, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 8.4 хувиар өсөх төлөвтэй байна. Эдийн засагч К.Барро уг үзүүлэлттэй харьцуулахад энэ онд тус улсын эдийн засгийн өсөлт буурна гэж таамаглажээ.
БНХАУ эдийн засгийн өсөлтийг энэ онд зургаа болон түүнээс дээш хувьд хүргэх зорилт тавьсан байна.
Наймдугаар сард БНХАУ-ын эдийн засгийн өсөлт огцом саарч байгааг сар бүрийн мэдээллээр харуулсны дараа эдийн засагч К.Баррогийн урьдчилсан таамаглал гарчээ.
БНХАУ энэ оны долоодугаар сарын сүүлч үеэс эхлэн халдварын “Дельта” хувилбарын дэгдэлтийг зогсоохын тулд аялал жуулчлалын чиглэлд хязгаарлалтын хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд вирусний тархалтыг хяналтандаа авсан боловч энэ сард тус улсын өмнөд хэсэгт халдварын шинэ голомт бий болжээ. Үүнтэй холбогдуулан хязгаарлалтын зарим арга хэмжээг хэвээр үлдээж, оршин суугчдийг болгоомжтой байхыг анхааруулсаар байна.
"БНХАУ-д ирэх оны хоёрдугаар сард болох Өвлийн Олимпын наадмын өмнө тус улс халдварыг тогтоох хязгаарлалтын хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа тул үүсэж болох эрсдлүүд буурч байна" гэж К.Барро хэлжээ.
Мөн тэрбээр тус улсын эдийн засгийн үйл ажиллагаанаас түүний дуртай үзүүлэлтүүдийн нэг бол дотоодын нислэгийн өдөр тутмын тоо болохыг онцолжээ. "Энэ бол халдварыг бууруулах зорилгын хүрээнд авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээний үр дүнг мэдэх хамгийн баталгаатай мэдээлэл" гэж К.Барро дурджээ.
БНХАУ гуравдугаар улирлын ДНБ-ийн мэдээллийг энэ сарын 18-нд гаргах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ энэ оны хоёрдугаар улиралд тус улсын ДНБ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.9 хувиар, өмнөх улирлаас 1.3 хувиар тус тус өсжээ.
К.Баррогийн урьдчилан таамаглаж буйгаар, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, төсвийн зардал нь Хятадын эдийн засгийн өсөлтөө дэмжих тал дээр хичээж буйг харуулсан гол үзүүлэлтүүд болох ажээ. Түүнчлэн хүн бүр олон нийтийн дэмжлэгийг хүлээж байгаатай холбогдуулан улсын төсвийн хөрөнгө оруулалт дээр илүү их анхаарал хандуулж магадгүй хэмээн нэмж дурджээ.